Хамтарсан мэдэгдэл гаргаж Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлэв
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар өнөөдөр /2019.11.29/ даатгуулагч, ажилтныг төлөөлж Монгол Улсын 2020 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж Улсын төсөвт холбогдох өөрчлөлт оруулж батлах нь зүйтэй гэж үзэж хамтарсан Мэдэгдлийг гарган баталгаажууллаа. Улмаар энэхүү мэдэгдлээ Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол улсын их хурал, Засгийн газарт хүргүүллээ.
Энэхүү мэдэгдэлд “Монгол Улсын 2020 оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг тусгахгүйгээр баталсан нь ажил олгогч болон ажилтны нуруун дээрх ачааг улам нэмэгдүүлж, ажилтны бодит цалин орлогыг бууруулах, ажил олгогчийн ашиг орлого, ажиллагчдынхаа цалин хөлс, нийгмийн хамгаалалд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг хязгаарлах хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд даатгуулагч, ажилтныг төлөөлж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, ажил олгогч, бизнес эрхлэгчдийг төлөөлж Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод Монгол Улсын 2020 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж Улсын төсөвт холбогдох өөрчлөлт оруулж батлах нь зүйтэй гэж үзэж энэхүү хамтарсан Мэдэгдлийг хүргүүлж байна. Уг мэдэгдлийг дэмжин ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газарт уриалж байна” гэж ээ.