МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас автомашин бэлэглэлээ
Байгаль орчны асуудлуудыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж, шийдвэр гаргагчдын болон нийт ард иргэдийн анхаарлыг хандуулах контентуудыг бүтээж буй МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд БОАЖЯ-наас “Мицүбиши-L200” маркын автомашин бэлэглэлээ.
Энэхүү машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж өгөхдөө “Байгаль орчны асуудал дэлхий нийтийнх болсон энэ үед ирээдүй хойч үедээ эх болсон байгалиа энэ хэвээр нь өвлүүлж, олон нийтийн байгаль хамгаалалд хандах хандлагыг өөрчлөх контентуудыг бүтээж буй танай хамт олонд талархал илэрхийлж байна.
Байгаль орчны чиглэлээрх мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд шуурхай хүргэхэд МҮОНРТ-ийн сурвалжлагч, уран бүтээлчид эх орны өнцөг булан бүрт, тэр дундаа хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгальд ч очих шаардлагатай тулгардаг. Энэхүү машин та бүхний ажлыг бага ч гэсэн хөнгөвчилж, олон нийтийн байгаль хамгаалах хандлагыг өөрчлөхөд бодитоор нөлөө үзүүлж буй контент бэлтгэхэд дэмжлэг болно гэж найдаж байна. Танай хамт олны байгаль хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэр цаашид улам өргөжих болтугай” хэмээсэн юм.
БОАЖЯ-наас байгаль хамгаалалд хандах иргэдийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Хандлагаа өөрчилье” багц нөлөөллийн ажлыг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг зохион байгуулж, 600 орчим сургуулийн 150 гаруй мянган сурагчийг хамруулжээ. Энэхүү аяны үр дүнд байгальд ээлтэй ирээдүй хойч үе хүмүүжин 2030 оноос эхлэн хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгальд учруулдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоог гаргажээ.
Мөн тус яамнаас “Ногоон паспорт” аянд хамрагдсан сурагчдын хамт 21 аймаг, есөн дүүрэгт тус бүр 3.5 газарт “Ногоон паспорт-Ногоон төгөл” бичил цэцэрлэгийг байгуулж, орон нутгийн захиргаанд нь хүлээлгэн өгчээ.
“Хоггүй цэвэрхэн Монгол” аяныг 2019 онд эхлүүлэн 100 гаруй мянган иргэн, 4000 гаруй ААНБ-ыг хамруулж, 30 мянган тонн хог хаягдлыг ил задгай хаягдахаас урьдчилан сэргийлэх зэрэг нөлөөлийн ажлуудыг тус яамнаас ажилттай зохион байгуулжээ.
Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас ажлын хэсэг гаргаж, хууль зөрчин, байгаль орчинд хор хөнөөл учруулж буй уурхайнуудад ажиллаж, 30 гаруй ААН-ын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг УУЯ-нд хүргүүлж, үр дүнд хүрчээ. Энэхүү ажлыг өргөжүүлэн түүхэндээ анх удаа “эко цагдаа” буюу экологийн гэмт хэргийг мөрдөн илрүүлэх цагдаагийн тусгай албыг байгуулаад байна. Уул уурхайн компаниудын усны хэрэглээг газар дээр нь очиж хянахаас эхлээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БОАЖЯ-ныхан УИХ-аар батлуулсан.
Эдгээр мэдээллийг МҮОНРТ тухай бүрт нь газар дээрээс нь шуурхай мэдээлж ажилласнаас гадна байгаль орчны чиглэлээр томоохон контентуудыг бэлтгэн үзэгчдэдээ хүргэдэг билээ. Тухайлбал, Долоо хоног бүрийн даваа гаригт Цагийн хүрд хөтөлбөрөөр Байгаль орчны буланг тусгайлан гаргаж оргил цагийн таван минутыг зөвхөн байгаль экологийн талаарх мэдээ мэдээлэл, боловсрол олгоход зориулжээ.
2019 онд гэхэд нийтдээ 50 дугаар үзэгчдэд хүрчээ. Мөн 2018 оноос хойш сар шинийн баяраар Цагийн хүрд хөтөлбөрийнхөө баатруудыг шалгаруулдаг уламжлалтай болсон. Цагийн хүрдийн баатраар тухайн жилийнхээ онцлох сурвалжлагуудыг багцлан үзэж номинациар шалгаруулдаг. Энэ номинацид “Экологид ээлтэй хүн” жин дарах байр суурийг эзэлдэг. Монгол орны өнцөг булан бүрт байгаа байгаль экологийг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон хүнийг энэхүү номинациараа алдаршуулж, хүний байгаль дэлхийд бэлэглэж, бүтээж болох сайн сайхан бүхнийг сурвалжлан хүргэсээр ирсэн. Түүнчлэн зөвхөн өнгөрсөн 2019 онд л гэхэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн боловсрол олгох чиглэлээр Цагийн хүрд хөтөлбөрт 870 орчим сурвалжлага оржээ.
“Хуванцар савны хэрэглээг халлаа” “Ойн нөхөрлөлүүд” “Ойн сангийн хамгаалал” “Эргэх дөрвөн цаг” цуврал сурвалжлагын нэвтрүүлгүүд, "Байгаль хүүхэд" хүүхдийн экологийн боловсролд зориулсан танин мэдэхүйн нэвтрүүлэг, "Газар тэнгэр", "Ногоонзөрөг" экологийн боловсролд зориулсан цуврал жүжиг, бэлчээр ашиглалт, цөлжилтийн асуудлаарх “Малчин" нэвтрүүлгийн цувралыг дурдаж болно.
Мөн түүнчлэн аймаг орон нутгаас байгаль хамгаалалын чиглэлээр хийж буй цаг үеийн ажлын талаар орон нутгийн сурвалжлагчдын бэлтгэдэг "Эргэх цаг" зэрэг нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлага, жүжиг зэрэг контентуудыг нэвтрүүлж байна.