ЖАЙКА 44600 эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа
2020.02.20

ЖАЙКА 44600 эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлалаа

Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгслийн хувцсыг Монгол Улсын Засгийн газарт гардуулан өглөө. Тодруулбал, ЖАЙКА олон улсын байгууллагаас амны хаалт, бээлий 34 мянга, хамгаалалтын хувцас зэрэг 44.600 ширхэг эм эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөв.

Тодруулбал, нарийн шүүлтүүртэй маск 1890, бээлий 34 мянга, малгай 8100, халат 65, комбинзон 2900, нүдний шил 65 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах юм.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Монгол Улсад коронавирусийн халдварын 181 сэжигтэй тохиолдол гарсан. Одоогоор 124 хүн эмчийн ажиглалтад байна. Бидний халдвартай тэмцэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, Элчин сайдын яамдууд хамтран ажиллаж тус дэм болж байна. ДЭМБ-аас эхний ээлжинд эм, эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хэрэгсэл хандивласан бол Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас эм, эмнэлгийн хамгаалах хэрэгслийг хангалттай хэмжээнд өгч байна.

Хэрэв коронавирусийн халдвар бүртгэгдвэл галын шугам дээр ажиллах хүмүүс нь эмч нар юм. Тиймээс бид хамгийн муу нөхцөл байдлаар тооцож бэлтгэлээ хангах ёстой. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд ЖАЙКА олон улсын байгууллагаас халдвар хамгааллын тусламж үзүүлсэнд талархаж байна. Та бүхний өгсөн хамгаалах хэрэгслийн хувцсыг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилах болно” гэлээ.