Сонгинохайрхан дүүргийн иргэд байрныхаа хажууд номын сангаар үйлчлүүлнэ
2019.04.12

Сонгинохайрхан дүүргийн иргэд байрныхаа хажууд номын сангаар үйлчлүүлнэ

Эх сурвалж. Үндэсний шуудан сонин, сэтгүүлч М.Үүрийнтуяа

Сонгинохайрхан дүүргийн XV хороонд “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” төслийн хоёр дахь номын сангийн нээлт боллоо. 120 квадрат метр талбайтай уг номын сан 6000 орчим номтой, номын санчтай, 50 хүний багтаамжтай.

Номын сангаас гадна цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг үргэлжлүүлж, гүйлтийн зам, ногоон байгууламж, гар болон сагсан бөмбөгийн талбай зэргийг байгуулахаар төлөвлөж байгааг XV хорооны Засаг дарга нээлтийн үеэр онцлов. Ийнхүү бүх насны иргэд номын сангаар үйлчлүүлэх болж, ялангуяа хол явах боломжгүй бага насны хүүхдүүд, тэдний эцэг, эх гэрийнхээ хажууд номын сантай болсондоо баяртай байв. Тэдэнд хүүхдүүдтэйгээ чөлөөт цагаа хамт өнгөрүүлэх газар хомс байдаг аж.

Номын сангийн номнуудаас дурдвал “Жангар”, “Чонон сүлд”, “Монголын нууц товцоо”, “Хаан төрийн нууц”, “Уншигч”, “Саятны сэтгэлгээний нууц”, “Харри поттер”, “Шерлок холмсын тухай өгүүллэгүүд” гээд уран зохиолын болон сонгодог зохиол, сурах бичиг, хүүхдүүдэд зориулсан комик, үлгэрийн номууд голложээ.

Мөн хууль дүрмийн эмхэтгэл, хуучны ховор номнууд ч үзэгдэнэ. Номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан гэдгээрээ онцлогтой. “Номыг хандивлах хүмүүсийн цуваа үргэлжилсээр байгаа учраас насны ангиллаар нь номыг төрөлжүүлж, цэгцэлнэ. Илүү гарсан номоороо дараагийн номын сангуудын фондыг үүсгэхэд ашиглаж болно” хэмээн номын санч эмэгтэй хэлэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар хоёр жилийн өмнө эхэлсэн төслийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн байршилд цэцэрлэгт хүрээлэнтэй номын санг байгуулах юм байна.

Дараагийн номын санг “Толгойт”, “21 хороолол”-д барих аж. Түүнчлэн тус дүүргийн хороодын иргэний танхимд жижиг номын сан бүхий хэсэг байгуулж эхэлжээ.

Нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн

“Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Ном унших гэж хол явж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байгаа. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” хэмээн ярилаа.

Харин дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол

“Хүүхдүүдийн заавал унших ёстой номнууд, дэлхийн сонгодог зохиолууд байгаа. Номын заал багачууд, ээж хүүхдүүдтэйгээ гэсэн хэсгээс бүрдэнэ. Уншсан номоороо хэлэлцүүлэг хийх боломжтой орчныг ч ба с бүрдүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн болон ойрхон байрны иргэд хэн ч байсан номын сангаар үйлчлүүлэх боломжтой. Боловсролд хүүхдүүдийг сурган хүмүүжүүлснээр нийгэм, улсынхаа хөгжилд оруулах том хувь нэмэр болно гэж бид үзэж байгаа. Номын сан 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ” гэв.

СХД-ийн Засаг дарга Ж.САНДАГСҮРЭН: 

-Хүүхдүүдийг ном унш гэж шаардахаас илүү ном унших тухтай орчиныг нь бий болгож өгөх хэрэгтэй. Унших дадал зуршлийг нь бий болгох ёстой. Дүүргийн хэмжээнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтарч барьсан хоёр дахь номын сан энэ боллоо. Анхныхыг 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр барьсан, Баянхошуунд байдаг. Төсөл маань номын сангаас гадна цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламжийг хослуулдаг гэдгээрээ онцлог. Энэ онд 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 дүгээр хорооллын ойролцоох хуучин барилгыг засаад номын сан барина. Толгойтод бас барина. Дүүргийнхээ иргэдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих бодлогын хүрээнд “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” төслийг хэрэгжүүлж байна.

Найман настай Д.СУВД-ЭРДЭНЭ:

-Би сонирхолтой номонд дуртай. Сүүлд “Алиса гайхамшгийн оронд” номыг уншсан. Энэ номонд Алиса ол он саадыг давж гардаг. Би түүн шиг болохыг хүссэн. Ээж, аав маань зөндөө ном авч өгсөн гэрт байгаа. Ном уншвал эрдэмтэй хүн болдог гэсэн.

Есөн настай О.УЯНГА:

-Адал явдалтай үлгэрийн ном уншдаг. Эрхий мэргэн, цуутын цагаагч гүүний үлгэрт дуртай. Цуврал зурагтай номнуудаас харж байгаад сонгож унших гэж байна.

XV хорооны иргэн Т.САРУУЛ:

-Өөрийнхөө уншдаг уран зохиолын номнуудаас хандивлаж байна. Манай байр энэ номын сангийн хажууханд байдаг. Нээлтийг нь тэсэн ядан хүлээж байлаа. Бүх насныхан уншиж болох төрөл бүрийн номнууд байна. Охин маань энд хичээлээ давтана гээд яриад л байгаа тэр хаа байсан хотын төв рүү явж эсвэл ойр хавийн кофе шопод сууж хичээлээ давтдаг юм.