Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхана
2019.12.05

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй төрийн айлчлал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрсөн есдүгээр сард хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн Монгол Улс ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулж, хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан.

Хойд хөрштэй стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал болохыг Ерөнхий сайд айлчлалын үеэр хийж буй уулзалтууддаа онцолж байна.

Айлчлалаар Ерөнхий сайдын дэвшүүлж буй бас нэг гол асуудал нь ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулан өнгөрүүлэх бодит боломж байгааг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевтэй хийсэн ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээний үеэр санал болгосон юм. Ерөнхий сайд Д.А.Медведев хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг төслийн судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх ажлын гараа энэ төрийн айлчлалаас эхэлж буйг онцлох нь зүйтэй юм.

Мөн айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллерийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар ноён Миллер ОХУ-ыг БНХАУ-тай холбох хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах боломжит саналаа Ерөнхий сайдад танилцуулсан билээ. Гэхдээ хэлцлүүдийн талаар нарийн мэдээллийг хэвлэлд өгөх нь одоогоор цаг хугацааны хувьд эрт байгааг албаны хүмүүс хэлж байв.

Төрийн айлчлалын хөтөлбөрийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сочи хотод очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин бараалхана. Уулзалтаар Ерөнхий сайдын дэвшүүлэн тавих гол зүйл нь хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай асуудал. Уулзалт өнөөдөр Москвагийн цагаар 15.00-д эхэлнэ. Уулзалтаас ямар үр дүн гарсан тухай уншигчдадаа дараагийн мэдээллээрээ хүргэх болно.