С.Эрдэнэ: Монгол Улс Саарал жагсаалтад орсон гэсэн мэдээлэл авлаа
Францын нийслэл Парис хотноо болж буй ФАТФ-ын хурлаар дөнгөж сая Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр гарсан талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Ийнхүү Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь арилжааны банкуудын активын асуудал гэдгийг тэрбээр хэлээд "ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн байсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл гэж байдаг. Гэвч ХЗДХ-ийн сайд маань ФАТФ-аас удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлэх талаар бодитой ажил огт хийгээгүй" хэмээн хэллээ.
Ийнхүү Монгол Улс Саарал жагсаалтад орсноор ААН, байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж, хязгаарлагдахаас эхлээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бараг зогсох тийш хандана гэдгийг тэрбээр дурдав. "Энэ бол хөгжиж яваа манайх шиг улсын гадаад нэр хүнд, ялангуяа эдийн засаг, санхүүтэй холбоотой үнэлэмжид маш сөрөг нөлөөтэй" гэв.
Энэхүү мэдээллийг тэрбээр хувийн эх сурвалжаас авсан бөгөөд удахгүй албан ёсны мэдээлэл өгөх байх гэдгийг нэмж хэллээ.