Д.Оюунхорол: Бурхан багшийн их дүйчин өдөр хүмүүс хийсэн үйлээ дүгнэж, цэгнэдэг байх ёстой
2019.10.03

Д.Оюунхорол: Бурхан багшийн их дүйчин өдөр хүмүүс хийсэн үйлээ дүгнэж, цэгнэдэг байх ёстой

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгах хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр /2019.10.03/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр

"Дэлхийн бүх оронд бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг тэмдэглэснээр хүмүүс амралтын өдөр гэхээсээ илүү өөрөө өөрийгөө соён гэгээрүүлэх, оюун санаагаа цэгцлэх, нөгөө талаас эцэг эхийнхээ өмнө, бурхан багшийн өмнө зөв буруугаа, хийсэн үйлээ дүгнэж цэгнэдэг, оюун санааны дотоод шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж ийм хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр эцэг эхдээ бараг ач санахаа больж байна. Өвөг дээдэс, өөрсдийнхөө түүхийг судлахаа больж байна. Оюун санааныхаа үнэт зүйлүүдийг сэргээж бий болгох шаардлага байгаа учраас дэлхий нийтээр мөрдөж байгаа бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэдэг болох нь зүйтэй юм байна. Бид өнөөдөр олон баяр тэмдэглэж, заримыг нь архи дарс ууж тэмдэглэдэг. Харин энэ өдөр буян номын үйлийг хийж, эцэг эхдээ ач санаж эерэгээр баярлаасай гэж бодож энэ өдрийг амралтын өдөр болгуулахаар хуулийн төсөл өргөн барьсан" хэмээн тодотголоо.