Мэргэжлийн боловсролын багш нар анх удаа чуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар энэ сарын 2-3-нд зохион байгуулах Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 2-3-нд Зохион байгуулах гэж буй талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Ердөө хоёрхон жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгох мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхан маань анх удаа ийн чуулах гэж байгаа юм.
Дэлхийн “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн гол үндсэн цөм нь боловсрол, ур чадвар гэсэн зорилтод чиглэж байгаа бөгөөд “хувьсан өөрчлөгдөж байгаа ур чадварын эрэлтэд хариу үйлдэл үзүүлэх, хүртээмжтэй, тэгш, чанартай, насан туршид суралцах боломжийг хангасан, инноваци, ногоон хөгжлийг дэмжсэн байх олон улсын хандлагад бид хэрхэн нийцэж ажиллах, салбартаа хийх шинэчлэлийг юунаас эхлэх гэхчилэн нэлээд олон сэдвээр зөвлөлдөж санаа оноогоо нэгтгэн цаашдын зорилтоо бодитоор тодорхойлох нь энэхүү зөвлөгөөний гол зорилго билээ.
“Мэргэжлийн боловсрол хөгжлийн тулгуур” уриан дор болох улсын анхдугаар зөвлөгөөнд мэргэжлийн боловсрол сургалтын салбарын 2500 шахам багшийн төлөөлөл 800 хүн оролцоно.
Манай мэргэжлийн боловсрол сургалтын салбарт өнөөдөр төрийн болон төрийн бус өмчийн 84 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээр 38.5 мянган залуус 200 гаруй мэргэжлээр сурч байна.