У.Хүрэлсүх: Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өглөө.
Дээрх албан тушаалтнуудыг нэгтгэн байгаль орчинд халтай уул уурхайн компаниудыг цэгцлэхэд чиглэж ажиллах ажлын хэсэг одоогоос жил гаруйн өмнө байгуулагдаж байжээ. Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг "Сауд гоби" компани байгаль орчин сүйтгэж байгааг нутгийн иргэд эсэргүүцсэн учир тус ажлын хэсгийнхэн хуралдаж цаашид авах арга хэмжээг хэлэлцсэн байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коэл транс" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Уул уурхайн сайдад өгөв. Мөн тус ордод үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буй 3-4 компанийн тусгай зөвшөөрлийг ч цуцлаж, Тост, Тосон бумбыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгалаа. Энэ асуудлыг Засгийн газрын ээлжилт хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол төрд байгаа зарим нэг олигархууд уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа.
Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан ханаж цаддаггүй шунал вэ. Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна.
Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болсон байна энэ олигархууд. Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурван тэс сумыг иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм. Цагдаагийн дарга аа.
"Сауд гоби коэл транс"-ийн зөвшөөрөл хуурамчаар олгогдсон байна. Энийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ.
Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой. Байгаль орчны сайд аа. Та өнөөдөр шийдвэр гаргаад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцал.
Тэнд аваачсан байгаа техник, хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ.
Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг" гэлээ.