“Эмэгтэйчүүд- Манлайлал” олон улсын чуулган болж байна
“Эмэгтэйчүүд- Манлайлал” олон улсын чуулган /2019.06.25/ манай улсад зохион байгуулагдаж байна. Уг чуулганыг нээж Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Чуулганд Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриела Спирли, НҮБХХ-ийн Суурийн төлөөлөгч Биата Транкманн, хүндэт зочноор Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга хатагтай Марина Кароббио Гүшэтти нар болон УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар оролцлоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хоёр жил гаруй хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 2000 гаруй эмэгтэйчүүдийг манлайллын сургалтад хамруулсан байна. Уг төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд өөрийн орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж, үр дүн нь иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа олон жишээ бодитоор гарсан байна. Эдгээр сайн туршлагуудыг олон нийтэд танилцуулах, туршлага хуваалцах зорилгоор Эмэгтэйчүүд-Манлайлал чуулганыг зохион байгуулж байна. Орон нутгийн эмэгтэй улс төрчдийн ололт амжилтыг танилцуулж, харилцан туршлага солилцох, дуу хоолойгоо нэгтгэх, сайн туршлагуудаас санаа авч ажиллах бүтээлч хэв маягийг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд энэ чуулган үр дүнгээ өгнө гэдгийг зочид төлөөлөгчид онцолж байсан юм.