О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэц хэт нэг талд үйлчиллээ
2019.05.30

О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэц хэт нэг талд үйлчиллээ

Өдрийн сонин, Б.Номин-Эрдэнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хугацааг зарласан тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ шийдвэрт та ямар байр суурьтай байна вэ?

-Дөрвөн хүн янз бүрийн асуудлаар өргөдөл өгсөн юм билээ. Үндсэн хуулийн Цэц хоёрдмол утгатай улс төрийн шийдвэр гаргалаа гэж харж байна. Тэр тусмаа Д.Гантулгатай холбоотой асуудлаар ҮХЦ маргаан үүсгэх ёсгүй байсан. УИХ-ын гишүүн сайн дураараа чөлөөлөгдөх эрх нь Үндсэн хуульд бий. Үндсэн хууль дээр ҮХЦ-д зөвхөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэнэ гэж заасан байдаг. Өргөдөл өгсөн асуудлаар маргаан үүсгэнэ гэсэн заалт байхгүй. Тэгэхэд энэ асуудлаар маргаан үүсгэж байгаа нь улс төрийн захиалга гэж харж байгаа. Их хурлын гишүүн байх эсэх нь өнөөдөр нээлттэй. Харин гишүүн болох шалгуур нь сонгуулиар ялах. Хууль батлагдаж байхад л анхнаас нь би тодорхой хэлж байсан. Аливаа нам сонгуульд ялах гэж л байгуулагддаг. Нам бүртгүүлсэн бол 180 хоногийн дотор сонгууль явуулж болохгүй гэж байгаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. 180 хоног зүгээр сууж бай гэдэг маш бүдүүлэг шийдвэр байсан. Улс төрийн намыг хооронд нь ялгаварлан гадуурхсан шийдвэр юм. Тийм учраас аливаа намыг сонгуульд оруулахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн байна. Харамсалтай нь ҮХЦ хэт нэг талд үйлчиллээ. Дарангуйллын систем бий болчихож.

-Цэцийн шийдвэр хэр бодитой гэж харж байна вэ. Нөхөн сонгууль болохгүй гэсэн үг үү?

-ҮХЦ зарчмаа алдаж байна. ҮХЦ Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл өгч байхад маргаан үүсгэсэн. Д.Гантулгын өмнөөс өргөдөл өгнө гэдэг өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй юу. Энэ бол улс төрийн солиорол. Цэц дээр очоод хошин шог хийгээд байна. Тэрийг нь Цэц хүлээж аваад маргаан үүсгэж байгаа нь буруу. Ардчилсан нам өмнө нь маш утгагүй хууль баталсан. Тухайн үед би үүнийг буруу гэж хэлж байсан. "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэдгийн адил энэ хуулиараа гогцоолдуулаад сууж байна.

-Цэц хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж байна. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэггүй бил үү?

-Цэцийн дээр хэзээ ч хөх тэнгэр байгаагүй юм. Харин дээр нь нэг томилсон нам, явуулсан дарга л байсан. Дандаа л ийм байсан шүү дээ. Цэцэд олон өргөдөл өгдөг. Хүсвэл маргаан үүсгэнэ, хүсэхгүй бол үүсгэхгүй. Тогтолцоогоороо тоглосон тоглоом чинь сүүлдээ гацаанд ордог байхгүй юу.

Нөхөн сонгууль болох ямар ч боломжгүй болсон. Сонгуулийн тухай хуульд хавар, намар сонгуулийг зарлана гэж байгаа. Хавар нь зарласан.

Одоо ахиж зарлахын тулд сонгууль болохоос нэг сарын өмнө гэж заасан байдаг. Хүчингүй боллоо гээд дахиад шинэчлээд хийхээр хугацаа байхгүй. Намар болохоос наашгүй. Намар гэхээр сонгуулийн жил нь болчихсон. Нэг ёсондоо Хэнтийн 42 дугаар сонгуулийг бүхэлд нь бойкотоллоо. Сонгууль явуулахгүй байх үйлдлийг МАН, АН-тай нийлээд хийчихлээ.

-МАН, АН нийлээд нөхөн сонгуулийг явуулах боломжгүй болголоо гэлээ. АН-ын хувьд харин ч энэ сонгуулийг явуулах хүсэлтэй байх юм биш үү?

- АН энэ хуулийг баталсан. АН-ын баталсан хууль нь өнөөдөр өөрсдөд нь гогцоо болчихоод байна. Тухайн үедээ жинхэнэ хуйвалдаан хийж байсан. Ямар ч хамаагүй малчин хүнээр өргөдөл бичүүлээд ҮХЦ-ийг бужигнуулаад улс төрийн зорилгоор ҮХЦ гэдэг байгууллагагүй болгочихсон. Тэрнийхээ горыг амсаад явж байна. Үүнийг нь МАН үргэлжлүүлээд л явж байна. МАН-ын баталсан хуулиар яваагүй. Жүжиг нь дуусахгүй байна. АН нэг сарын турш жагсаал хийнэ гэсэн. Наадмаар жагсах юм байна гэж ойлгосон.

Ийм жүжиг битгий тавиад байгаач ээ. Ард түмэнд бодитой, нотолгоотой, баримттай, үндэслэлтэй, сэтгэлийн хөөрөлгүй үнэн юмыг яриач ээ гэж хэлж байгаа юм. МАН арай хэтэрч байна. Монголын ард түмэн залхчихаад байна.

-Хуулийн хугацаанд ажлын 15 хоногт УИХ чуулгаанаараа Цэцийн шийдвэрийг хэлэлцэх ёстой байдаг...

-УИХ-аар хүлээж авах, үгүй нь сонин биш. Нөхөн сонгууль болохгүй л гэсэн үг. МАН 65-уулаа. Үндсэн хууль өөрчилж болно. УИХ хуулийг бүхэлд нь хүчингүй болгоод шинэ хууль баталж, эсвэл зөвхөн 42 дугаар тойрогт зориулаад шинэ хууль баталж болно шүү дээ.

-1.2 сая еврогийн хахууль авсан гэх сайдын талаарх асуудал юу болж байна вэ?

-Франц улсад өөрийнхөө компанид эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүсгэхдээ энэ нь Монголын нэг сайдад 1.2 сая еврогийн хахууль өгсөн гэдгээр шалгагдаж байгаа юм байна. Энэ талаар би байр сууриа илэрхийлсэн. Маш ноцтой асуудал. АТГ-аас гадаад хэргийн яамаар дамжуулаад Францын талаас, прокуроор дамжуулж мөн тэнд байгаа манай элчин сайдаар дамжуулаад энэ талаар асуух боломж бий шүү дээ.

-Хууль зүйн байнгын хорооны даргад Л.Мөнхбаатар, Х.Нямбаатар нарын нэр яригдаж байгаа гэсэн. Үүнээс ч үүсэн багагүй улс төр өрнөж байгаа гэх юм. Энэ тухайд?

-Энэ бол намын асуудал. Яахав, хулгайч хүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар тавьбал тавь л даа. Би Х.Нямбаатарт "Залуу хүн байж яагаад хулгай хийгээд байгаа юм, болиоч" гэж хэлсэн.

Эрүүл саруул ухаанаар харвал иймэрхүү хэл амтай хүнийг даргаар тавих хэрэггүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч зөвшөөрч байгаа юм уу. Эд нар чинь Ерөнхийлөгчийн карманы хүүхдүүд шүү дээ.