О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга хоёр дахь удаагаа хошин шогийн байдалд орж байна
2019.05.29

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга хоёр дахь удаагаа хошин шогийн байдалд орж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Цэцийн шийдвэрийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дагуу Хэнтийн нөхөн сонгууль болохооргүй боллоо. Та Цэцийн шийдвэртэй санал нэгдэж байгаа юу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэх ёстой. Түүнээс өргөдөл өгсөн болгонд маргаан үүсгэхгүй. Харамсалтай нь манайд өнөөдөр Үндсэн хууль зөрчөөгүй асуудлаар Цэцэд өргөдөл өгсөн. Тэр нь Д.Гантулга гэдэг хүн УИХ-ын гишүүнээсээ болих уу, болихгүй юу гэдгийг өөрөө л шийднэ.

Гэтэл Д.Гантулгын өмнөөс хүн энэ хүнийг гишүүнээс нь болиулахгүй, хэрвээ болиулбал Үндсэн хууль зөрчинө гэсэн хошин шогийн өргөдөл өгөөд нөгөөдөх дээр нь Цэцийн дунд суудлын хуралдаан зарлаж байгаа нь Монгол Улс хуульгүй, дүрэмгүй болсон гэдгийг харуулж байна. Улс төрийн нам бол сонгуульд орох гэж л байгуулагддаг. Тиймээс 180, 179 хоног гэдэг ямар ч ач холбогдолгүй. Улсын бүртгэлээ авсан л бол нэг хоногийн дараа ч сонгуульд орж болно, хоёр жилийн дараа ч орж болно. Энэ нь тухайн намын дотоод асуудал. Гэтэл шинэ нам байгуулаад 180 хоногийн дотор сонгуульд орж болохгүй гэдэг хууль баталцан юм байна. Энэ хуулийг АН, МАХН-ынхан өмнөх парламентад засаг барьж байхдаа хийсэн. Үүнийг л Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ хуулийг анх батлах гэж байхад нь эсэргүүцэж байсан нь би.

Цэцийн шийдвэрийг би хоёр талтай харж байгаа. Нэгд, Цэц улс төржсөн, хоёрт, Цэц улс төржөөгүй байна. Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн болохоор ингэж хэлж байна л даа. Д.Гантулгын өргөдөл Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг хуулийн нэгдүгээр курсын оюутан ч мэднэ. Хэнийг ч хүчээр УИХ-ын гишүүнээр ажиллуулахгүй шүү дээ. Үүнийг бүгд мэдэж байгаа хэрнэ маргаан үүсгээд, дунд суудлын хуралдаан үүсгэж байгаа нь өөрөө Цэц улс төржсөн байна гэдгийг харуулж байна.

-Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байж нөхөн сонгууль явуулах ёстой боллоо. Гэхдээ ээлжид сонгуулиас жилийн өмнө ямар нэгэн сонгууль зохион байгуулахгүй байх хуультай. Тэгэхээр хуулиа өөрчлөөд ч нөхөн сонгууль зохион байгуулж амжихааргүй болсон уу?

-Энэ хууль заавал Үндсэн хуулиар явна гэдгийг би тухайн үед протокол дээр нь хэлж байсан. Энэ хуулийг МАХН, АН хоёр ажлын хэсэг гаргаад баталсан. Өөрийнх нь мэхийг өөрт нь тавилаа л гэж харж байна. Хэрвээ тухайн үед "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг завсарлага авсан бол ийм утгагүй хууль батлагдахгүй байсан.

Гэтэл манайхан хуйвалдаанаар асуудлыг шийддэг байсан. Тэрбишдагва, Оюунбаатар, Батцэрэг, Баянсэлэнгэ дөрөв энэ хуулийг батлалцсан. Би Н.Энхбаяр даргад “наад нөхдүүд чинь урвасан байна. Улаан цайм МАХН-ыг, таныг сонгуульд оруулахгүй гээд хоёр том юман дээр хулихдаад байна. Нэг нь өршөөлийн хууль дээр таныг хулихдсан” гэж хэлсэн. Н.Энхбаяр дарга өршөөлийн хуулиа өөрөө бичээд дараа нь өөрөө баларсан. Намайг “энэ хуулийг засаад өгөөч” гээд ирэхэд нь би зассан.

Гэтэл нөгөө хүн чинь ярьснаасаа эсрэг зүйл хийгээд л явсан. Би “Энэ Сонгуулийн хуулиас болоод та парламент руу орж ирэхгүй шүү. Завсарлага авахуулаад өгөөч” гэж гуйсан. Гэтэл авахуулаагүй Ингээд Н.Энхбаяр дарга хоёр дахь удаагаа хошин шогийн байдалд орж байна.

-Сонгуулийн зардлыг тухайн оныхоо төсөвт суулгах байсан ч Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарах шийдвэр гаргасан нь мөн Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн?

-Төсөв захиран зарцуулах эрх нь УИХ, Засгийн газарт байгаа. Үндсэн хууль дээр сонгуульд зориулж төсөв батал гэсэн заалт байхгүй. УИХ төсөв батална, Засгийн газар баталсан төсвийг нь зарцуулна. Сонгуулийн зардлыг Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө гаргая гэж байна. Хэрвээ маргаан үүсвэл энэ хууль зүйн маргаан болохоос Үндсэн хуулийн маргаан биш. Хууль зүйн маргаан хаана ч гараагүй байхад үүнийг Цэц нь шийдэж байна. Тэгвэл нэг мөсөн Засгийн газрын ажлыг хийх хэрэгтэй. Өдөр бүхэн хууль зөрчөөд явж байгаа шүү тэд.

Сэтгүүлч Л.Одончимэг