О.Баасанхүү: Гадны нөлөөтэй байсан эсэхийг хуулийн байгууллага тогтооно
2019.05.23

О.Баасанхүү: Гадны нөлөөтэй байсан эсэхийг хуулийн байгууллага тогтооно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын гишүүн, АН-ын Дэд дарга асан, талийгаач Г.Батхүүг амиа алдсан талаар гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд түүнийг нас барсан байхыг анх олж мэдсэн талаараа мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр "Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь яриад зөвшөөрөл авсан учраас, цагдаагийн байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт нь гарч байгаа учраас, мөн зарим сэтгүүлч буруу, зөрүү мэдээлэл бусдад түгээж байгаа учраас нөхцөл байдлын талаар ярих нь зөв гэж үзлээ" гээд 

"Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад өрөө. 18.00 цагт УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байгаад хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан. 

Төрийн ордон бол хуультай, төрийн тусгай хамгаалалттай газар бөгөөд Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. 103 буюу эрүүл мэндийн байгууллагаас ирээд амь насаа алдсан байна, зохих газруудад мэдэгд гэсэн учраас нөхцөл байдлыг баримтжуулаад цагдаагийн байгууллагад өгсөн. 

Манай өрөө хоёр давхар, хоёр хаалгатай тул тухайн үед дуу чимээ сонсогдох боломжгүй. Талийгаачийг унасан гэж ойлгож байгаа. Унасных нь дараа харсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минут хэлэх боломжгүй. Сэтгүүлчид тэнд мөн байсан юм билээ.  

Тухайн үедээ толгойдоо гэмтэл авсан уу, өөр байдлаар амиа алдсан уу гэдгийг мэдэхгүй. Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй. 

Гадны нөлөөтэй байсан эсэхийг хуулийн байгууллага тогтооно" гэлээ.