Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож байна
Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой тохиож байна. Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар үе үеийн гишүүд, эрхэм журмын нөхөддөө мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Ардын Намын гишүүд, түүний дотор Нийслэлийн Монгол Ардын Нам хэмээх их айлд ажиллаж ирсэн үе үеийн гишүүд, эрхэм журмын нөхөддөө намын хороо үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Одоогоос 94-н жилийн тэртээ Сүхбаатарын клубт Анхдугаар их хурлаа хийж үйл ажиллагаагаа эхэлж байсан Нийслэлийн Монгол Ардын Намын хороо хэмээх энэ их айл зөвхөн намын төдийгүй улс орны хөгжлийн алхам бүрт өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн түүхэн гавъяатай хамт олон гэдгийг баярын энэ өдөр онцлон дурдахыг хүсч байна.
Түүхийн олон сорилт, ялалт ялагдлыг туулж үүргээ нэр төртэй биелүүлэн бидэнд өвлүүлсэн ахмад, дунд үеийн зүтгэлтнүүдийнхээ залгамж болсон бид нэр төртэй хариуцлагатай үүрэг хүлээсэн гэж итгэж хичээн зүтгэж байна.
Эдүгээ Нийслэлийн Монгол Ардын Намын хороо нийслэлийн есөн дүүргийн дөч гаруй мянган намын гишүүдийг эгнээндээ нэгтгэн улс орны хөгжил, намын ялалт, эв нэгдлийн төлөө хамтдаа тэмүүлсээр байна.
Нийслэлийн Монгол Ардын Намын хороо намын Удирдах Зөвлөлөөс дэвшүүлсэн Намын Анхан Шатны Байгууллагын бүтцийг өөрчлөх, намын гишүүдийн тоог нэмэгдүүлэх эрс нэмэгдүүлэх, “Цахим нам” болох, 2020 оны бүх шатны сонгуульд ялалт байгуулах зэрэг томоохон зорилтуудыг биелүүлэх чиглэлд олон ажлыг төлөвлөн шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос 2019 оныг “Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, ялангуяа дүүргийн намын хороод, нийт гишүүдийн ажлын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүд, Нийслэл болон дүүргийн Иргэдийн хурлын Төлөөлөгчдийг нам тойрогтойгоо байнгын эргэх холбоотой ажиллуулах талд ч анхааран ажиллаж байна.