"Том модноос тасарсан навч ганддаг болохоос ургадаггүй юм"
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй намынх нь дотоод асуудлаар ярилцлаа.
-АН-ын удирдлагад “цус сэлбэх” гэж тодотгож болох дотоод ротацийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа 14 хоног үргэлжилж өчигдөр дууслаа. Өнөөдрөөс нэгдсэн дүнгээ танилцуулах байх. Энэ жилийн эргэлтийн сонгуулийн онцлог нь юу байв?
-Ардчилсан нам ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг сэргээснээс хойш гурав дахь жилдээ болж байна. Ротацийн сонгуулийн гол ач холбогдол болох аль ч шатны намын гишүүдэд улс төрийн карьераа өсгөх, намын тодорхой шатанд дэвшиж ажиллах, намын бодлогод оролцох зэрэг нөхцөлийг нээж өгдгөөрөө онцлогтой
. Сүүлийн 8-9 жил үндсэндээ АН-ын ротацийн сонгуулийг зогсоож үүнээс улбаалж Үндэсний зөвлөлдөх хорооны 228 хүн дархлагдаж ямар ч халгаа сэлгээгүй явж ирсэн.
Энэ нь эргээд намын шинэчлэл, намд шинэ хүн орж ирэх зэргийг хаасан гэж хэлж болно. Энэ жилийн ротацийн сонгууль 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жил болж байгаа гэдгээрээ онцлог, гишүүдийн оролцоо өндөр болж байна. Энэ утгаараа нэлээд өрсөлдөөнтэй болж байна. Мөн дотоод сонгуулийн үйл явц ямар ч маргаангүй явагдлаа.
-Нэр дэвшигчийн сонгуулийн хураамж нь хэд вэ?
-Тогтсон татвартай. Тухайн жилийн татвар гурван сая төгрөг, тэрийгээ л төлдөг.
-АН-ын шинэчлэлийн бодлого хэрэгжсэнээс хойш ҮБХ-ны гишүүдийн 70 гаруй хувийг залуусын төлөөлөл эзэлж байгаа нь улс төрд залуусын оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаагийнх болов уу. Харин жендерийн оролцоог хэрхэн хангаж байгаа вэ?
-ҮБХ-ны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насных залуусын төлөөлөл эзэлж, нийт гишүүдийн гуравны нэгд нь жендерийн тэгш эрхтэйгээр эмэгтэйчүүд оролцож, орон нутгийн хүний нөөцийн 70-80 хувь нь шинэчлэгдсэн. Ерөнхийдөө шат шатны намын байгууллагад залуус, эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ их өндөр байгаа.
– Танай нам дотор гадуур бичиж байгаа шиг тийм их талцал далд тэмцэл явж байгаа юм уу. Намын даргын хувьд ямар тайлбар өгөх вэ?
-АН-ыг харлуулах, муулах, хагаралттай мэтээр олон нийтэд ойлгуулах гэсэн дотоод, гаднын аль аль хүчин зүйл мөн хүмүүс байна л даа. Яг бодит байдлыг аваад үзвэл манай намын дотоод эв нэгдэлд хагарал, задрал алга. 21 аймаг, есөн дүүргийн намын байгууллага бүгд хэвийн ажиллаж байна. Олонтой газар сайдах, муудах, маргаж мэтгэлцэх зүйл хаана ч л бий.
Айл гэрт ч гэсэн эхнэр, нөхрийн муудах, сайдах үе гардаг. Үүнтэй адил өнөөдөр 200 мянга гаруй гишүүнтэй том айлд санал нийлэх, эс нийлэх тохиолдол гарна. Энэ нь манай намын эрүүл ердийн л үзэгдэл. Хоёр гишүүн шинэ нам байгуулах тухайгаа зарласан. Үүнийг АН-ын хагарал гэж ойлгож байгаа бол эндүүрэл. Яахав, намын дотоодоос хуучин намын удирдах бүрэлдэхүүн, намын дарга байсан зарим нэг хүн намыг шүүмжлэх, буруу хар талаас нь нийгэмд ойлгуулах гэсэн оролдлогууд хийж байгаа.
АН-д хуучин байсан нэг өвчин бол үе үеийн намын дарга нараа огцруулах, солих ялангуяа улс төрийн сонгууль ойртсон үед намын даргаа солих үзэгдэл байсан. Тогтвортой байдлыг хангах, намын удирдлагын бүтцийг тогтвортой хангахын тулд дүрмийн өөрчлөлт хийсэн. 2016 оны арванхоёрдугаар сард хуралдсан АН-ын зургадугаар Их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргыг бүх гишүүдээсээ сонгодог болсон.
Өнөөдөр намын даргыг өөрчлөх хоёрхон л үндэслэл бий. Нэгдүгээрт, тухайн ээлжит сонгуулиар олонх болж чадаагүй тохиолдолд чөлөөлөгдөнө. Хоёрдугаарт, өөрөө хүсэлт гаргах эсвэл нас барсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд намын даргаас чөлөөлөгдөнө. Дээрх хоёроос өөр ямар ч тохиолдолд намын даргыг чөлөөлөх үндэслэл дүрэмд байхгүй. Шулуухан хэлэхэд хэн ч мөрөөдөөд намын даргыг солих боломжгүй.
-2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын халуун суурин дээр та намынхаа дарга болсон. Намын даргын “халдашгүй” байдлыг дүрмээрээ хатуу хаасан нь шалтгаантай болов уу?
-Үеийн үед хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар буюу бидний ярьдгаар хор найруулж тухайн намын даргын нэр хүндийг унагаадаг, сольдог ийм байдал өмнө нь нэг бус удаа л гардаг байсан. Одоо бол улс төрийн хариуцлага хүлээхээс бусад нөхцөлд намын даргыг сольдог байдлыг дүрмээр хааж өгсөн. Тэгэхээр өнөөдөр хэн нэгэн гарч ирээд намайг шүүмжилснээр миний байр суурь ганхаад байхгүй.
Би АН-ын 200 мянга гаруй гишүүдийн олонх намын даргаар сонгогдож надад итгэл үзүүлсэн. Миний үйл ажиллагаанд улс төрийн дүн тавих цаг нь ч болоогүй. 2020 оны УИХ-ын болон бүх шатны сонгуулийн дүнгээр энэ асуудал яригдана.
– Танай намын лидерүүд энэ цаг үед нягтарч ажиллаж чадаж байгаа юу?
-Манай намын үйл ажиллагаа гишүүддээ нээлттэй. Хуучин, шинэ гишүүн байх нь асуудал биш. Намынхаа үйл ажиллагаанд оролцоотой, идэвхтэй байя гэвэл хэнд ч үүд хаалга нээлттэй. Шинэ, хуучин гэсэн ялгаварласан хандлага манай намд байхгүй. Үүнийг шинэчлэлийн үйл явцын хүрээнд байхгүй болгосон гэж хэлж болно. Гишүүн бүрт тэгш боломжийг нь хангая, аль нэг лидер дагасан эсвэл бүлэг, фракцийн үйл ажиллагаанд түшиглэсэн нам бус цэвэр бодлогын нам байхын төлөө л явж байна. Бид өнгөрсөн хугацаанд үнэт зүйл, үзэл баримтлалаа тодорхойллоо.
Мөн бодлогын төвшинд ямар байх ёстой вэ гэдгээ тодорхой болголоо. Энэ бүхэн шинэчлэлийн маань гол зорилгын нэг, хангагдаж ч байгаа гэж харж байна. Өнөөдөр магадгүй долоон хоногийн өмнө АН-д элссэн гишүүн, эсвэл долоон жилийн өмнө элссэн гишүүн хоёрын дунд ялгаа, зааг байж болохгүй.
Нэгэнт л манай намын гишүүн бол энэ намд гишүүний эдлэх эрх, үүргээ адил тэгш эдлэх ёстой гэсэн зарчмыг барьж ажилладаг. Хуучин бол өөрсдийгөө анхдагч гэж нэрлэчихсэн хэсэг нөхөд шинэ залуу орж ирсэн гишүүнээ ад үздэг, гадуурхдаг эсвэл тэднээсээ давуу эрх эдлэх гэж оролддог гэх мэт асуудал байсан. Одоо бол энэ бүхэн үгүй болсон.
АН АРД ТҮМНИЙ НАМ ХЭВЭЭРЭЭ ГЭДГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХАРУУЛСАН
-АН-д эрүүл уур амьсгалыг бий болгосон гэж хэлэх гээд байна уу, та АН-ын даргаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд АН-д таны автороор нэрлэж болох юуг авчрав?
-Намын хувьд огт байгаагүй зүйлийг бий болгож чадсан. Улс төрийн амин сүнс болох нам үзэл баримтлалаа тодорхой болгоно гэдэг маш чухал. Өмнө нь АН-ын үзэл баримтлал тодорхойгүй байсан. Энэ тодорхойгүй байдлаас гаргаж чадсан нь шинэчлэлийн хамгийн том бодлого байлаа. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ хууль ёсны албан ёсоор зарласан.
Энэ бол АН-ын үзэл санааны туг. Хэн нэгэн лидер, хэсэг бүлэг хүнийг дагаж намын бодлого явах бус нам өөрөө үзэл санааныхаа тугийн үнэт зүйлээ хамгаалах боломжийг бүрдүүлсэн. Хэн нэгэн эсвэл С.Эрдэнээс үл хамааран намын үзэл баримтлалынхаа тугийг хамгаалах ёстой гэдэг зарчим АН-ын шинэчлэлийн том ажил гэж хэлнэ.
Дээр нь намын бүх шатны төлөөллийн байгууллагууд 80-90 хувь нь шинэчлэгдлээ. Анхан, дунд, дээд шатны бүх удирдлага 100 хувь шинэчлэгдсэн зэрэг нь дараагийн үед ажиллах, бодлого тодорхойлоход оролцох бүх боломжийг нээж өгсөн нь шинэчлэлийн хоёр дахь том ажил.
Гуравдугаарт, манай намын бүлэг УИХ-д хэт цөөнх ч гэсэн олонхийн бүлэгтэй маш хариуцлагатай ажиллаж чадсан. Эрх баригчдын маш олон хууль бус үйлдлийг бид ил болгож тэдэнд хариуцлага тооцож Засгийн газрыг огцруулж хүртэл чадсан. Манай нам 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудалтай болтлоо ялагдсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулж чадсан.
Энэ бол манай намын шинэчлэлийн үр дүн байсан. Ард түмэн АН-ыг дэмжсэн хэвээр байна, АН ард түмний нам хэвээрээ гэдгийг харуулсан том үзүүлэлт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн байсан. Нөгөөтэйгүүр, гишүүдийн намынхаа үйл ажиллагаанд оролцох идэвх эрс дээшилсэн.
-Парламент дотор есүүлээ, одоо бараг долуулханаа болсон энэ амаргүй үед нам толгойлж ажиллах мэдээж амаргүй. Цаашид танаас АН-ын гишүүд, дэмжигчид тань юу хүлээж байгаа бол?
-Аливаа улс төрийн намын гол зорилго сонгуульд амжилттай оролцох явдал. Сонгуулийн үр дүнд олж авсан эрх мэдлээрээ дамжуулан төрийн болон улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох нь маш чухал асуудал. Бид намын шинэчлэлээс Монголын шинэчлэл рүү гэсэн ерөнхий уриан дор явж байна. Өнөөгийн төрийн болохгүй бүхнийг шинэчилнэ. Шинэ зорилго, шинэ бүтээн байгуулалт, улс орны хөгжлийг шинэ шатанд гаргая гэсэн зорилго тавьж энэ нь манай намын дараагийн том ажлын эхлэх байх болно.
-АН сөрөг хүчин шиг сөрөг хүчин байж бас чадахгүй байна, буулт нь сул гэх шүүмжлэл их байх юм. Бүлэг нь цул биш, одоо бүлэг ч үгүй боллоо гээд л?
-Ер нь өнгөрсөн хугацаанд хэт олонх дээрэнгүй бүдүүлэг авираар бидэнд хандаж ирсэн. Тодорхой хуулийн төслөөр завсарлага хүсэхээр нэг цагийн завсарлага өгдөг нь нэг үгээр хэлбэл доромжлол. Бид ямар ч асуудал оруулсан унагаадаг, ямар ч асуудлыг тавьсан хүлээж авдаггүй, заавал эсрэгээр нь хийдэг ийм л парламент гурван жил боллоо. Гэхдээ бид үүнд няцаагүй, ухраагүй.
Дээр хэлсэнчлэн эрх баригчдад хариуцлага тооцож маш олон асуудал бид гаргаж тавьсан. Анх есөн төрлийн татвар бий болгоход нь бид тэмцэж үүний үр дүнд хоёрыг нь цуцлуулж чадсан. Мөн концесс завшсан, идэж уусан ажил албан тушаалдаа хайнга хандсаны эсрэг хүчтэй дуугарсны үр дүнд Засгийн газрыг огцруулах хэмжээнд хариуцлага тооцсон. Өнөөдөр тодорхой улс төрийн үйл явцын үр дүнд манай хоёр гишүүн бүлгээс гарснаар бид алдах зүйлгүй. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба ажилладгаараа л ажиллана.
Үндэсний хэмжээний намын УИХ дахь бүлэг зөвлөлийн статуст шилжсэн ч гэсэн УИХ дахь АН-ын үйл ажиллагаа, дуу хоолой саарахгүй. АН-ын долоон гишүүн байр сууриа хатуу илэрхийлээд явна. Өмнөхөөсөө ч илүү идэвхтэй үйл ажиллагаагаа явуулна.
АН-ын дуу хоолой суларч байсан түүх байхгүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-д 65 төлөөлөлтэй том намтай өрсөлдөөд ялсан. Энэ нь АН үндэсний хэмжээний хүчирхэг улс төрийн нам хэвээр байгаа гэдгийг харуулсан үйлдэл. Өнөөдөр ч АН улам хүчирхэг болж шинэчлэлээ хийж, ард түмний өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа.
-Намаа ядарч байхад хамт ял үүрч үзээгүй зарим залуу гишүүдийн гаргаж буй үйлдэлд намын даргын хувьд зарим хэсэгт нь таагүй байдаг байх.
-Хувь хүмүүс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нам байгуулах эрхээ эдэлж байна л гэж би ойлгож байгаа. Том модноос тасарсан навч ургадаггүй л байхгүй юу, шарладаг юм. Манай намаас олон улстөрч омог бардам гардаг ч бүгд л хэн ч биш болдог. Тухайлбал, Л.Гүндалайгаас эхлээд нэрлэж болно.
АН-ЫН ДУУ ХООЛОЙ СУЛАРЧ БАЙСАН ТҮҮХ БАЙХГҮЙ
– 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болно. Танай нам нөхөн сонгуульд бэлдэж эхэлсэн үү?
-Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хийгдэж байгаа. Ялангуяа Хэнтий аймгийн намын байгууллага маш идэвхтэй ажиллаж байна. Хуулийн хугацаанд намынхаа нэр дэвшигчийг тодруулна. Ерөнхийдөө одоогоор бэлтгэл ажлын төвшинд ажиллаж байна. Мэдээж Хэнтий аймагт болох нөхөн сонгууль ач холбогдол өндөр. Ер нь жижиг, том сонгууль гэж байдаггүй юм. Сонгууль болгон улс төрийн намын хувьд ач холбогдолтой.
-Сүүлийн үед хууль шүүхийн байгууллагын зөвшөөрөлгүй бусдыг цагдан хорьдог явдал газар авч байна. Ардчилал гэсэн тодотголтой намын даргын хувьд энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Өөрийн чинь хэлсэнтэй санал нэг байна. Өнөөдөр Үндсэн хуулийн үзэл санаатай харшилж, хуульгүй, төргүй мэт аашилдаг үйл явдал энэ Засгийн үед гаарах шинжтэй байна. Өнөөдөр хэн нэгний өмч хөрөнгө рүү дур мэдэн халддаг, Засгийн газрын төлөөлөл нь хууль хүчний байгууллагын буу зэвсэгтэй цагдаа нарыг дагуулж очоод өмч хөрөнгийг нь битүүмжилдэг, тэнд үүргээ биелүүлээд ажиллаж байгаа иргэдийн эрх чөлөө, биед нь халддаг, зодож нүддэг зэрэг энэ бүхэн хууль зөрчсөн үйлдэл.
Манай намын шинэчлэн батлагдсан үзэл баримтлалдаа хувийг өмчийг дээдэлнэ гэдгээ ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд зарчимдаа тусгасан. Аливаа асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой гэсэн зарчмаа тодорхой болгосны хувьд АН үүнд хатуу зогсоно.
Биднийг юу гэж ч гүтгэж, харлуулсан ч дээрх зарчмаасаа ухрахгүй. Үүнийгээ илэрхийлсний төлөө өнөөдөр есөн шидээр хэлүүлж, хэн нэгэн албан тушаалтныг хамгаалсан, эсвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг дэмжсэн мэтээр янз бүрийн нэр хоч өгч байгаа. Гэхдээ бид үүнд эмзэглэхгүй, хамгийн гол нь зарчмаа л баримтална. Үзэл санаандаа бид үнэнч байх ёстой.