Ё.Баатарбилэг: Энэ бол эцэг эхчүүд , хүүхдүүдийг  бодсон шийдвэр
2019.04.09

Ё.Баатарбилэг: Энэ бол эцэг эхчүүд , хүүхдүүдийг бодсон шийдвэр

БСШУС-ын яамнаас удахгүй зохион байгуулах Багш нарын VII их хурлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал хийж байна.Тус хурал МУ-ын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах шийдвэр гарч боловсролын яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

VII их хурал энэ сарын 11, 12-нд зохион байгуулагдана. Үе үеийн боловсролын байгууллага, багш нарын их хурлууд зохион байгуулагдаж түүн дээр  хэлэлцэгдэж байсан асуудлууд нь нийгэм, хөгжлийг тольдон харах боломж олгож байсныг харж болохоор байна. Энэ удаагийн хуралд бүх сум, аймгийн төв, нийслэлээс 800 гаруй төлөөлөгч оролцоно.

Энэ удаагийн хурлыг “Сайн багш- Сайхан ирээдүй” уриатай зохион байгуулах гэж байгаа. Багш нарыг хөгжүүлэх, урамшуулах асуудалд Монголын төр засаг үргэлж анхаарлаа хандуулж ДНБ-ны 20 хүртэлх хувийг боловсролын салбарт зарцуулж,цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн.

Энэ удаагийн хурлаар багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах зэргийг гол сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргана гэж бодож байна. Дараагийн дугаарт багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллын асуудлыг ярина. 2019 оны 1 сарын 1-ээс багш нарын цалин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гуравдугаарт, багшийн хөгжлийн асуудал яригдана. Багш өөрийгөө хөгжүүлэх мэргэжилээ дээшлүүлэх боломжийн талаар ярина. Энэ асуудал дээр манай улс нэлээд ахиц гаргасан улсуудын тоонд орж байгаа.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институттай, багш нараа тав, арав, арван таван жил ажилласнаар нь цалин хөлсийг нь нэмж ирсэн туршлагатай. Энэ удаагийн хурлаар их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварын асуудал нэлээд яригдана, мөн багш нарын сахилга хариуцлагын асуудал ч яригдана эцэст нь боловсролын салбартай холбоотой хууль эрх зүйн асуудал яригдана" гэлээ.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан

"Манай улсад нийтдээ 47,000 гаруй багш ажиллаж байгаагаас 800 гаруй төлөөлөгч их хуралд оролцоно. Хурлын төлөөлөгчдийн 70 хувь нь багш нар бол 30 нь удирдлагууд байгаа. Хурлын эхний өдөр нэгдсэн салбар хуралдаан болно. Хурлын үеэр аль болох олон багшаас санал санаачлага авахын тулд Багшийн хөгжлийн төв болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын байранд бичгээр санал авна. Хүний нөөцийн цөм болсон багш нарынхаа асуудлыг дорвитой шийдэх үр дүнтэй хурал болно гэдэгт зохион байгуулагчдын зүгээс итгэлтэй байгаа" хэмээв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа.
Сэтгүүлч: ЕБС-д элсэн орж байгаа хүүхдээс шалгалт авахгүй байх тушаал гарсан байна. Тушаалын талаар тайлбар өгөөч?

Ё.Баатарбилэг: Өмчийн хэлбэр харгалзахгүй 6 нас хүрсэн хүүхдийг ямар нэгэн уралдаан шалгалтгүйгээр сургуульд элсүүлэх тушаал гаргасан. Сургуулиуд 5,000-50,000 төгрөгийн хураамж авч хүүхдүүүдийг уралдаант шалгаруулалтад оролцуулаад цөөн хэдэн хүүхдийг авдаг.

Зургаан настай цэцэрлэгээс дөнгөж гарч байгаа хүүхэд юу шалгуулах ёстой юм бэ. Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй. Энэ бол эцэг эхчүүдээ ч, хүүхдүүдээ ч бодсон шийдвэр гэж бид үзэж байгаа.

Сэтгүүлч: МУИС-ийн хичээлийн VI байрыг шинэчлэх ажил ямар шатандаа явж байгаа вэ?

Ё.Баатарбилэг: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлээр МУИС-ийн хичээлийн шинэ байр баригдах төсөл хэрэгжинэ. 10 гаруй давхар нэлээн том сургууль баригдах төсөл олон жил яригдсаны эцэст ажил болж байгаа юм.

Сэтгүүлч: Ашиглалтын шаардлага хангахгүй сургууль цэцэрлэгийн барилгуудад их засварын талаар мэдээлэл өгөөч?

Ё.Баатарбилэг: Одоогийн байдлаар манай яаман дээр 147 тэрбум төгрөгийн их засварын хүсэлт ирээд байна. Улсын хэмжээнд 1,053 цэцэрлэгийн барилга байгаагаас 150 нь 45-аас дээш жилийн насжилттай, 90 сум 9 баллын газар хөдлөлтийн бүсэд багтаж, тус бүсэд 45-аас дээш жилийн насжилттай 17 барилга байна.

ЕБС-ийн 1,026 барилгын 60 хувь нь 30-аас дээш жилийн насжилттай, 1,055 спортын барилга байгууламж байгаагаас 155 нь 45-аас дээш жилийн насжилттай. Салбарын хэмжээнд маш эрчимтэй шинэ сургууль цэцэрлэгийн барилга барьж байгаа ч хуучин барилгууд олон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьчихсан олон барилга бий. 2020 оны төсөв дээр их засвар, тоног төхөөрөмж, багш нарын компьютер рүү анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа.

Сэтгүүлч: Ашиглалтын шаардлага хангахгүй 50-60 тэрбум төгрөгийн сурах бичиг байна гээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Ё.Баатарбилэг: Гадны төсөл хөтөлбөр эсвэл төсвийн хөрөнгөөр бага ангийн сурах бичиг болон эмзэг бүлгийнхэнд зориулж сурах бичиг үнэгүй тараадаг. 3-4 жил ашигласан ашиглах боломжгүй сурах бичгүүд төсвийн хөрөнгөөр хийгдсэн, төрийн өмч учраас шууд устгачихаж болдоггүй. Энэ жилээс бид нар энэ сурах бичгийн хангалт дээр нилээн дорвитой анхаарч ажиллана.

Сэтгүүлч: Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд улсаас хувьсах зардал  авдаг тал дээр шүүмжлэлтэй хандах болсон. Энэ тухайд?

Ё.Баатарбилэг: Яг одоо бол төр хувийн хэвшил гэж ялгахгүй ЕБС байгуулаад ажиллах юм бол энэ зардалыг нь өгч байгаа. Хуулийн дагуу сургуульд хувьсах зардал олгодог. Хуулийнхаа дагуу л явж байгаа.

Цаашид яах вэ гэдэг нь одоо энэ шинээр боловсруулагдаад явж байгаа хуулинд яаж тусахнуу тэр хүрээнд яригдана. Бидний зүгээс хуулийн хүрээнд бизнес эрхлээд явж байгаа тохиолдолд төрийн нэр бариад халдаж болохгүй. Харин хувийн сургуулиудын төлбөрийн дээд хэмжээ гэж тогтоож болох талаар бид нар судлана.

Сэтгүүлч: Их, дээд сургуулиудыг цөөлнө, чанаржуулах талаар та ярьсан байсан энэ тал дээр та байр сууриа илэрхийлнэ үү?

Ё.Баатарбилэг: Одоогоор 94 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 14 нь магадлан итгэмжлэгдээгүй байна. Энэ бол хуулиа зөрчиж байгаа байдал бөгөөд тэр сургуульд сурж буй оюутнуудын эрхийг зөрчиж буй явдал юм. Яамнаас шалгалт хийсэн. Хэд хэдэн сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцална. Одоо ерөөсөө энэ эрх зүйт нийгэмд амьдарч байгаа юм бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байх ёстой хуулиа дээдэлж үүргээ биелүүлж чадахгүй байгаа бол хуулийн дагуу шийдэх ёстой.

Сэтгүүлч: Бага сургууль цэцэрлэгийн барилга гацчихаад байгаа асуудал дээр үүрэг чиглэл өгч байгаа харагдсан. Үнэлгээний хороон дээр гацаад байдаг энэ асуудал дээр урагшилсан зүйл байна уу?

Ё.Баатарбилэг: 23 байршил дээр цэцэрлэг сургуулийн цогцолбор барина гээд нэг компани аваад барилгаа барихгүй удчихсан зүйл байсан. Тэр асуудлыг газар дээр нь үзээд Засгийн газрын хуралдаанаар оруулаад концессийг нь цуцлуулах үүргийг үндэсний хөгжлийн газарт өгсөн хотыг тэр газруудаа авч дахин төлөвлөлтөнд оруулаад тэндээ сургууль цэцэрлэг барих ёстой.

Сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд бол он дамжсанууд нь явж л байгаа шинээр эхлэх ажлуудын тендер нь зарлагдаад явж байна. Энэ жилийн хувьд яам, хот, төрийн өмчийн газар ажлаа уяалдуулж байгаа тул цаг хугацаанд нь ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.