
Германд цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжийг тэллээ
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нар ХБНГУ-ын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төслийн хэрэгжүүлэгч Германы зочид төлөөлөгчид болон "Хөгжил, мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох төв" -ийн мэргэжилтэн, төлөөллүүдтэй уулзлаа.
ХБНГУ “FAV-Service gGmbH” болон "Хөгжил, мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох төв" хамтраад Монгол залуусыг Герман улсад суралцуулах "Тюринген" төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд залуус үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авахаас гадна Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй залуу Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсролын сургалтад амжилттай хамрагджээ. Төсөлд хамрагдах гол шалгуур 18-35 настай, Герман хэлний B2 түвшний мэдлэгтэй байх ёстой юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа "Монгол залуусыг Герман улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Мэргэжлийн хувьд өргөн сонголттой. Анагаах ухаан, ахуйн үйлчилгээ, цахилгаанчин, сантехникч, слесарь, ахмадын асаргаа, аялал жуулчлал, IT технологи гэх мэт манай улсын хөгжилд хэрэгтэй мэргэжлүүдийг санал болгож байгаа. Монгол улсын хөгжилд дээд мэргэжилтэй хүмүүсээс гадна чадварлаг боловсон хүчин дутагдаж байгааг олж харсны үндсэн дээр энэ төслийг бүтээхээр зорьж ажил хэрэг болгосон" гэв.