Цахим орчныг зөв хэрэглэхэд чиглэсэн хөтөлбөрт Фейсбүүктэй хамтран ажиллана
2019.04.05

Цахим орчныг зөв хэрэглэхэд чиглэсэн хөтөлбөрт Фейсбүүктэй хамтран ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фейсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал Жорж Ченийг хүлээн авч уулзлаа.

Фейсбүүк компаниас Монгол Улсад “Тоон бичиг үсэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухайгаа ноён Жорж Чен танилцууллаа. Тэрээр, хуурамч мэдээллээс хамгаалахын тулд 100 хуурамч хаягийг устгалаа гэхэд дахин тэр хэмжээний хуурамч хаяг бий болдог.

Тиймээс алсын хараатай зөв шийдэл нь олон нийтэд цахим орчны зөв хэрэглээг сурталчлан заах юм. Монголд хэрэгжүүлэх тоон бичиг үсэг хөтөлбөр ийм зорилготой гэлээ. Харвардын их сургуультай хамтран бэлтгэсэн энэхүү хөтөлбөрөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг хийгээд байгаа аж.  

Мөн технологийн дэвшлийг ашиглан сургалтыг илүү сонирхолтой болгоход чиглэсэн арга хэмжээг Фейсбүүк компани хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд сургуулиудад бодит дүрслэл мэдрэмжийг төрүүлэх төхөөрөмж хандивлах боломжтой гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, фейсбүүкийн хэрэглээг хорихоосоо илүүтэй зөв хэрэглээг сурталчлах, хөтлөх шаардлагатай. Хүүхэд хориглох тусам сонирхон тэмүүлдэг. Хэрэв зөв ашиглаж чадвал багш нар туршлага судлах, хүүхэд залуус хүмүүжил төлөвшил олж авах  том талбар гэж үздэг.

Нэг талаараа “багш” юм. Энэ “багшаар” дамжуулан монгол хүүхдүүдэд хамгийн сайн хичээлийг заалгах хөтөлбөрт яам дэмжин хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан сошиал орчны хэрэглээг зөв зохистой болгоход чиглэсэн хуулийн төсөлд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхийг хүслээ.