ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токаревыг хүлээн авч уулзав
2019.02.22

ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токаревыг хүлээн авч уулзав

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токаревыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд орлогч сайд В.А.Токарев Зам, тээврийн хөгжлийн сайдын чухал хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашид Зам, тээврийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН 2018 онд 25,8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцлон хэлсэн бөгөөд цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв. Мөн “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооноос  2018-2020 онд хэрэгжүүлэх тэргүүн ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөг баталсантай холбогдуулан энэхүү хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, “УБТЗ” ХНН-ийн 2030 он хүртэл шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг ойрын үед эцэслэн батлах шаардлагатай байгааг Оросын талд илэрхийлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл өгч, ОХУ-ын Мосгипротранс судалгааны хүрээлэн төслийн судалгааг хийж дуусч байгаа бөгөөд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах, чингэлгийн тээврийн чиглэлээр түлхүү ашиглах, харин Зүүнбаян-Хангийн төмөр замыг уул уурхайн нурмаг бүтээгдэхүүнийг дөт замаар хятадын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгааг дурдав.

Монгол Улс, ОХУ-ын 2019 онд 3 том ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүний нэг нь “УБТЗ” ХНН-ийн 70 жилийн түүхт ой юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан өмнө хэлэлцсэн ажлуудаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлж, хамтын зөвшилцөлд хүрч, ажлуудаа яаралтай эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Сүүлийн жилүүдэд хоёр орны агаарын тээврийг харилцан өргөжин байгааг тэмдэглээд ОХУ-ын агаарын тээврийн “Ангара” ХХК Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд, Монголын “Хүннү эйр” ХХК Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур чиглэлд тус тус шинээр нислэг гүйцэтгэж эхэлснийг дурдав.

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Новосибирск, Красноярск хотууд руу шууд нислэг үйлдэх, улмаар эдгээр хотуудаар дамжин гуравдагч улс руу нислэг үйлдэх боломжийг судалж, дэмжлэг үзүүлэхийг оросын талаас хүсэв. Мөн оросын агаарын навигацын шинэ технологийг ашиглах чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавив.

Талууд зам, тээврийн салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг талууд сайшаагаад, цаашид хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, “УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл болон шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтад ОХУ гар бие оролцон хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын  ачаа, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахад бүх талын хөнгөлөлт олгох, Монголын вагоныг ОХУ-ын төмөр замаар аялуулах талаар тохиролцов.

Талууд Монгол-Оросын хилийн авто замын болон төмөр замын боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зарим боомтыг олон улсын статустай болгох, хилийн боомтын авто зам шинээр барих чиглэлд мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр хөндөж ярилцсан, тохиролцсон асуудлуудыг удахгүй болох Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр талууд тохиролцов.

Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ОХУ-аас Монгол Улсад суугаа бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов том хувь нэмэр оруулж байгаа талаар онцлон тэмдэглэв.

Талууд цаашид хоёр улсын зам, тээврийн салбарыгг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийн талаар ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар тохиролцов.