Япон Улсын Сасакава Энх тайвны сангийн Ерөнхийлөгч Н.Танакаг хүлээн авч уулзлаа
2019.02.12

Япон Улсын Сасакава Энх тайвны сангийн Ерөнхийлөгч Н.Танакаг хүлээн авч уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Япон Улсын Сасакава Энх тайвны сангийн Ерөнхийлөгч Н.Танакаг хүлээн авч уулзаж, Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбарын бодлого, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтад Япон Улсын Сасакава Энх тайвны сангийн газрын дарга Ф.Окамото, хөтөлбөрийн ажилтан М.Хаяаши болон бусад төлөөлөгчид, Монгол Улсын Эрчим хүчний яамны Эрчим хүчний нүүрс болон хийн хэлтсийн дарга Д.Даваасүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга П.Сарангэрэл нар оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Энх тайвны сангийн Ерөнхийлөгч Н.Танака нар Азийн Супер сүлжээ, эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний дэлхийн чиг хандлага, хэрэглээ, эрчим хүчний шинэ технологийн талаар санал солилцлоо. Үүнд тогтвортой хөгжлийн бодлогыг барьж ажиллахдаа байгаль орчны асуудлыг харгалзан үзэх, тухайлбал нүүрсний цахилгаан станцыг барих тохиолдолд хүлэмжийн хийг задлах, хоргүйжүүлэх технологийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийн зөрүү, системийн горимын алдагдлыг багасгах арга нь устөрөгчийн хуримтлуур байж болох, үүнийг судлах талаар санал нэгдэн ярилцав.

Ноён Н.Танака “Зүүн Хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум”  (NAGPF)байгууллагад олон жил удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд тус байгууллагын нэрийн өмнөөс Монгол Улсыг гишүүн байгууллагаар дахин элсэж, хамтран ажиллах санал дэвшүүллээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улс нь эрчим хүчний шинэ эх үүсвэр болох байгалийн хийг ашиглах талаар ахин судалж эхэлсэн. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын Эрчим хүчний сайд нарын уулзалтын үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд “ОХУ-аас Монгол улс руу байгалийн хий дамжуулах хоолой татах” асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Иймд Монгол Улс нь дээрх байгууллагын гишүүн байх нь зүйтэй гэж үзэж байгаа талаар хэлж, “Зүүн Хойд Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форумын ээлжит хурлыг 2019 онд  Монгол Улсад зохион байгуулах талаар судалж, ойрын хугацаанд албан бичгээр хариу өгөхөө мэдэгдлээ.

Сасакава Энх тайвны сангийн Ерөнхийлөгч Н.Танака нь Монгол дахь Коосэн сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээнд оролцохоор ирснээ дурдаад анхны 30 инженер тус сургуулийг төгсөж буйд баяртай байгаагаа хэлсэн юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ хүний нөөц бэлтгэх нь улс орны хамгийн асуудал бөгөөд Монгол Улсад инженер, мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд туслалцаа үзүүлэн ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье гэлээ.