БСШУС-ын байнгын хорооны гишүүд Чех болон Франц улсад ажлын айлчлал хийлээ
2025.05.20

БСШУС-ын байнгын хорооны гишүүд Чех болон Франц улсад ажлын айлчлал хийлээ

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, гишүүд Б.Хэрлэн,  С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нар Бүгд Найрамдах Чех Улс болон Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагаанд боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон талт уулзалтууд зохион байгууллаа.

Чех Улсад хийсэн айлчлалын хүрээнд Карлын Их сургуулийн удирдлагуудтай уулзаж, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөө, монгол судлалыг дэмжих талаар санал солилцов. Мөн Чехийн нэрт монголч эрдэмтдийн судалгаа, орчуулгын бүтээлийг хэвлэн түгээх, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө.

Түүнчлэн Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковец, М.Хаек нартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Чехийн Үндэсний музейд зочлон “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулалттай танилцлаа. Мөн Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ-нд зочилж Чех улсад амьдарч буй хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлын төв байгуулах ажлын явцын талаар ярилцлаа. Энэ үеэр Элчин сайд Д.Гансүхтэй уулзаж Монгол, Чехийн харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Чех улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн амьдрал, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж Сенатын ээлжит чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ тус улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэйтэй уулзав.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа Монгол Улс 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд БНФУ-ын соёлын бодлогын томоохон хөтөлбөр болох “Pass Culture” байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн хүртээмжийг залуу үеийнхэнд хүргэх сайн туршлагыг судаллаа. Мөн Луврын музейн тусгай үзэсгэлэнг үзэж сонирхохын зэрэгцээ Францын Үндэсний номын санд зочлон соёлын өвийн хадгалалт, түгээн дэлгэрүүлэлтийн талаар туршлага солилцов.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ-нд зочилж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүтэй уулзан Монгол-Францын хамтын ажиллагааны талаар болон Франц улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн амьдрал боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох болон хоёр улсын боловсрол, соёлын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

БНЧУ болон БНФУ-ын боловсрол, соёлын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлалд УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны гишүүн Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа нарын хамт оролцлоо.