2019.01.09
С.Эрдэнэ: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг бүлэг хэлэлцээгүй
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг бүлэг ярилцаагүй. Нам дээрээ ярилцсаны дараа албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Бид улс төрийн үйл явц, эрх баригч хүчний байр суурийг харж байгаа учраас яарахгүй байна.
Тухайн асуудал нь нэг хүний, УИХ-ын даргатай холбоотой биш бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой юм. Улс орны бодлого тодорхойлж, Үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүн дархлаатай байх ёстой. Тэр дундаа УИХ-ын дарга онцгой. Тэгэхгүй бол парламентад олонх болсон намын дарга нь УИХ-ын даргыг дуртай цагтаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. Хариуцлага тооцох тусдаа заалттай. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр өмнө нь Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Тиймээс гишүүдийн олонхиор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна.
-Орд газруудыг төр мэдэлдээ авч эхэллээ. Хөрөнгө оруулалтыг үргээж байна гэх шүүмжлэл ч өрнөлөө?
-АН үзэл баримтлалын төслөө боловсруулаад УДШ-д өгсөн. Манай нам баруун төвийн буюу хувийн өмч, зах зээлийн зарчмаар улс орны эдийн засаг хөгжих ёстой гэсэн байр суурь баримталдаг. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Монголын хувьд стратегийн ордод төр тодорхой хувь эзэмшдэг байх ёстой. Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг. Иргэдэд хувь ногдуулах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хураагаад явбал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна.
-ЖДҮ-тэй холбоотой гишүүд, өндөр албан тушаалтнуудын асуудал намжих тал руугаа орлоо гэх хардлага байна. Зарим гишүүнийг эргүүлэн татах, түдгэлзүүлэх асуудал юу болов?
-Хулгайг жижиг, том гэж яриад байна. Хулгай бол хулгай. Хууль иргэддээ тэгш үйлчлэх хэрэгтэй. Тэрбум тэрбумаар нь тэгшитгэн хуваарилсан зохион байгуулалттай төрийн луйвар харагдаад байгаа юм. Үүнийгээ зээл, төлнө гээд байна. Нэгэнт хуультай, шүүхтэй орон бол шийтгэлээ ногдуулах хэрэгтэй. АН үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Хамгийн аюултай нь гурван хувийн зээлээр аваад банк бусаар дамжуулж мөнгө хүүлсэн. Иргэдэд очих боломжийг эрх мэдэл, мэдээллийн давуу талаа ашиглаж авсан нь туйлын буруу. Засгийн газрын кабинетын гишүүд зээл авсан байна. УИХ хуралдвал энэ асуудлыг оруулж ирэх байх. Гэтэл хуралдаандаа суухгүй, өөрсдийн гэмт хэргийн мөрийг баллах сонирхол байна уу гэж харж байна.
-АН-ын гишүүн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг баривчиллаа. Намаасаа хөөх үү?
-Д.Дорлигжав манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмээр шийдвэрлэнэ. Заалт байхгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.
-АН УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?
-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна. Өнөөдөр шударга ёс яриад байгаа хүмүүс тэр тогтоолд гарын үсэг зурах байх гэж бодож байна.
-УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр дахь удаагаа жагсах гэж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Иргэд сайн дураараа жагсч, цуглах эрх нь нээлттэй. Эрх барьж байгаа нам хэний эсрэг жагсаад байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байгаад нь гайхаж байна. Хэн нь хэнийхээ эсрэг жагсаад байгааг ойлгохгүй байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан нь нэг бүлэг, 60 тэрбумынхан нь нэг хэсэг бүлэг болчихсон. Энэ хоёр нэгнийхээ эсрэг жагсаад байгаа гэж харж байна. Үнэхээр М.Энхболд гэдэг хүнийг огцруулаад улс орны амьдрал сайжраад явна гэвэл хоёр гараа өргөөд дэмжмээр байна. Гэтэл үүний ард гэмт хэргээ нуун дарагдуулах гэсэн, өөр зорилго агуулсан учраас санаа зовж байна.
-Таныг нийгмийн даатгалын сангаас 58 тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-т газарт шалгаж байгаа гэсэн мэдээлэл сошиалаар яваад байгаа?
-Нийтлэлч Баабар намайг гүтгэж, хоёр сая төгрөгөөр торгуульсан. Энэ 58 тэрбум төгрөг нь ор үндэслэлгүй зүйл гэдгийг АТГ-аас тайлбар ирүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэсэн гүтгэлгийн шинжтэй асуудал сүүлийн 10 гаруй жил над руу чиглүүлж, гүтгэж байгаа юм. Нийгмийн даатгалын санг 2002 онд Төрийн санд нэгтгэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Төрийн сан, Сангийн яамны мэдэлд байсаар ирсэн. Ер нь сүүлийн үед сошиал хуудсаар худал мэдээлэл их гарч байгаа. Гэхдээ би сөрөг хүчний намын дарга, улстөрчийн хувьд энэ мэт гүтгэлгийг харж байсан учраас эмзэглээгүй.
C.Уянга