Н.Амарзаяа: УИХ-ыг бойкотлон, жагсаал цуглаан хийж ЖДҮ-ийн асуудлыг бүрэн дарахыг оролдож байна
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2019.01.08

Н.Амарзаяа: УИХ-ыг бойкотлон, жагсаал цуглаан хийж ЖДҮ-ийн асуудлыг бүрэн дарахыг оролдож байна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хурлын даргад өргөн барилаа. УИХ-ын гишүүдийн олонх Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг уг хуульд тусгажээ. УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хууль санаачлах эрх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар гэсэн гурван субьектэд байдаг. Хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачилсан байна. Тэр дундаа нэн яаралтай журмаар батална гэж хугацааг заажээ. УИХ энэ асуудлыг холбогдох хууль дүрмийнх нь дагуу хэлэлцэх ёстой. Монгол Улс бол парламентын засаглалтай орны хувьд УИХ тогтвортой байх нь хамгийн чухал.

Мөн УИХ-ын дарга хэн нэгэн нам, улс төрийн захиалгаар бус хуульд заасан таван үндэслэлээр л бүрэн эрхээс нь чөлөөлж болно. Миний хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьж буй уг хуулийн төслийг УИХ-ын даргыг хүчээр буулгахын тулд хийж байгаа алхам гэж харж байна. Тэр бүү хэл уг хуулинд гишүүдийн 50+1 гэсэн саналаар огцруулна гэж заасан байгаа юм. Ядаж гуравны хоёр нь байж болно оо доо. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын хэдэн төлөөлөгч нь өөрт нь таалагдахгүй, тендер өгөхгүй, өөрийнх нь хүнийг албан тушаалд тавихгүй бол санал гаргаад л Засаг дарга, хурлын даргаа огцруулдаг. Үүнтэй л агаар нэг болж байна.

Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд гэхэд дөрвөн ч дарга сольж байсан тохиолдол бий. Яг ийм тогтворгүй, хувийн эрх ашгаа урьтал болгож хэсэг бүлгээрээ нийлээд эрх мэдэл, албан тушаалын төлөө улайран зүтгэдэг буруу жишиг УИХ руу чиглэж байна. Энэ бол маш том алдаа. Хууль гэдэг өнөөдөр бий болсон зүйл биш. Хуульт төрт ёсны олон жилийн уламжлал гэдэг бол тогтвортой, тасралтгүй зарчимтай байж шинэчлэгдэн хөгжих ёстой. Гэнэтийн шийдвэр болгоныг хуульд тусгана гэдэг хууль өөрөө урт хугацаанд тогтвортой байх механизмаа алдаж буй хэрэг. Ийм ч учраас эцэг хууль болох Үндсэн хуулийн олон зохицуулалттай зөрчилдөж байна гэж дүгнэж байна.

-Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцруулахаар жагсаал цуглаан хийж буй. Тэдгээр гишүүдэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хуулийн төслийг санаачлах эрх бий. Гэсэн ч хууль санаачлахгүй, УИХ-ыг бойкотолсон хэвээр байгаа нь УИХ-ыг хуралдуулахгүй байх сонирхол тэдгээр гишүүдэд байна уу гэх хардлагыг нийгэмд төрүүлж байна. Үүнд таны бодол?

-Үнэн. Чуулганы хуралдааныг хуралдуулахгүй байх сонирхол тэдгээр гишүүдэд байна гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийг энэ 38 гишүүн өргөн барих боломжтой байсан.

УИХ-ын гишүүн бүр хууль санаачлах эрх нь өөрт нь бий. Ер нь бол чуулганы хуралдааныг хуралдуулахгүй гацааж байгаа энэ үйл явцад гурван ч үндэслэл байгаа нь харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зурсан 38 гишүүний 60-70 хувь ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд байгаа. Тиймдээ ч ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцүүлэхгүйн тулд чуулганы хуралдааныг хуралдахгүй цаг авч байна.

Бидний хэдэн гишүүд гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад хүртэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлыг шалгуулахад бэлэн байна гэдэг тал дээр хатуу зогсож байгаа.Хоёрдугаарт, чуулганы хуралдаанаар Засгийн газар хуулийн дагуу хийж буй ажлын тайлангаа тайлагнаж үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Засгийн газар өөрийн үндсэн үйл ажиллагаа болон түүний тайлагналыг хууль эрх зүйн хүрээнд УИХ-ын гишүүдийн асуулгад хариулах хэлбэрээр, албан бичгээр танилцуулахаас гадна Байнгын хороо,

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх, УИХ-ын гишүүдийн дунд чөлөөт мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай.Энэ утгаараа ард түмний өмнө ил тод, нээлттэй явагдах ёстой төрийн үйл ажиллагаа гацаанд орж байна. Нөхцөл байдлыг ийм байлгахыг тэд улам ихээр хүсч байна. Гэсэн хэрнээ ард түмэнд нийгмийн сүлжээгээр“УИХ ажиллахгүй, хариуцлага алдаж байна. Үүнд УИХ-ын дарга л буруутай, түүнийг л огцруулчихвал бүх зүйл сайн болно” хэмээн ухуулж байна. Мөн хууль хяналтын байгууллагын бүхий л хууль бус үйл ажиллагааг УИХ-ын даргатай холбон тайлбарлаж, чуулганыг хуралдуулбал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар хэлмэгдүүлэлт явуулах нь ч гэж ярьж байна.

Ингэж ард түмэнд буруу ташаа ойлголт өгч байгаад би маш их харамсаж байгаа. Гэхдээ ард түмэн маань үүнийг ялгаж салгаж ойлгон, энэ ялгаа зарчмыг зөв тунгаан бодно гэдэгт би эргэлзэхгүй байна. Гуравдугаарт, 2020 оны сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн үйл ажиллагааг үүн дээр дөрөөлөн явуулж байна. Уг нь энэхүү намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд асар олон хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоо чуулганаа хуралдуулж уг хуулиудаа хэлэлцмээр байна.

Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл төрт хуульт ёсны дээр улс төрийн нам байх уу, эсвэл намын дээр бидний хуульт ёс бүхий төр байх уу гэдэг асуудал урган гарч байгаа юм. Намын Бага хурлаар УИХ-ын даргын асуудлыг хэлэлцдэг болчихсон байна. Уг нь бол Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн асуудлыг, хаанаас хэн томилдогийг заасан байдаг.

-МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас тав хоногийн завсарлага авсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд саналаа нэгтгэнэ гэдгийг бүлгийн дарга хэлж байгаа. МАН-ын бүлэг хуралдах уу?

-МАН-ын бүлгийн дарга УИХ дахь 64 гишүүнээ хуралдуулж, тэдгээрээс гарсан шийдвэр олонхын санал авсан тохиолдолд бүлгийн шийдвэр гэж үзэх ёстой. Ойрын үед бүлгийн хурал хийгээгүй. Энэ асуудлаар тав хоногийн завсарлага ч аваагүй. Өнгөрсөн долоо хоногийн хоёр чуулган дээр бүлгийн дарга бүлгээ хуралдуулах асуудал ярьж чуулганы хуралдаан хойшилсон.

Энэ зөвхөн бүлгийн даргын шийдвэр ээ.Бид хуулийн дагуу л асуудалд хандах ёстой. Эцсийн аргаа хэрэглэж Ерөнхийлөгчөөр хууль өргөн бариулж байна. Энэ асуудлыг хэлэлцэх тохиолдолд чуулганы хуралдаанд орж ирнэ гэж ярьж байгаа нь дараагийн бойкотын сэдэв болж байна л даа. Хуулийг санаачлах эрх нь байгаа хэдий ч хуульд л захирагдаж, хуулийн шаардлагын дагуу заагдсан шатлал бүрээр явах, хэлэлцэх, батлах, мөрдөх, дахин нэмж сайжруулах ёстой.

-Зөвшилцөх түр хороо байгуулсан гэж байгаа. Уг хороо хуралдаж зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа хэрэг үү?

-Түр хороо ч байгуулагдаагүй шүү дээ. Албажаагүй гэсэн үг. Хоёр талаас дөрөв, дөрвөн гишүүн нийлж уулзахын хувьд уулзсан. Ганц хоёр удаа л уулзсан байх. Гэхдээ бусдын үгийг, асуудлыг сонсох, гишүүдээ хүндэтгэх, цаашид хэрэгжүүлэх гарц гаргалгааг гаргах ямар ч сэтгэл зүй алга байна. Уулзалт бол Засгийн газрыг огцруулах уу, эс огцруулах уу гэдэг асуудал яригдсаны дараа л болсон үйл явдал шүү дээ.

Түүнээс хойш нэг ч удаа уулзаагүй байх аа. Янз бүрийн буруу мэдээллийг нийгэмд өгч байна. Ер нь бол УИХ-д олонхыг бүрдүүлсэн манай намын гишүүд эв нэгдлийг сахиж, хамтран асуудлаа ярилцаж, нэгдэн зөвшилцөж, улс орныхоо эрх ашгийг хангах нь бидний томоохон эрх ашиг гэж үзэж байгаа. Нэгдэх нийлэх хэрэгтэй. Үүнийг намын удирдлага л өөрөө хийх ёстой.

-Төрийн гацаанаас хэрхэн гарах вэ. Та бүхэн юу гэж харж байгаа бол?

-УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа орох ёстой. Энэ нь УИХ-д сонгогдсон үүрэг нь байх ёстой. Хууль ч ийм л байгаа. Дэгийн тухай хуулиа сахих хэрэгтэй. Түрүү жил Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хуралдаанаа удаа дараа тасалбал хариуцлага, сахилгын олон асуудлыг мөрдөхөөр хуулийг өөр-чилсөн. Жижиг гэхгүйгээр хариуцлагын тогтолцооны асуудлыг ярих ёстой.

Нөгөө 38 дотор хуралдаа суух гишүүд ч байгаа. 50+1 ирцээ бүрдүүлбэл чуулганы хурал явагдчихна шүү дээ. Гэсэн ч цаана нь асар том ашиг сонирхол, хувь хүний үзэл бодлоо нэн тэргүүнд тавьсан гишүүдийн эрх ашиг ноёлж байна. Өөрөөр хэлбэл тэдний ашиг сонирхол хуулийн дээгүүр байна. Их хүнд буюу хууль бус нөхцөл байдлыг гишүүд өөрсдөө үүсгэж байна.

-МАН-ын Бага хурлаас УИХ-ын даргатай холбоотой тогтоол гарсан. Энэ тогтоол хэрэгжих боломжтой юу?

-МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн илтгэл дээрээ асуудал тавьсан. Хамгийн сүүлийн хэлсэн үгэндээ УИХ-ын даргыг 60 тэрбумын асуудалтай холбож ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой гэсэн. Энэ асуудлаар тогтоол гаргаж Бага хурлын гишүүдийг дэмжих санал санаачилга гаргасан. Тэр нь биелэлээ олж, гишүүд дэмжсэн.

Ерөнхий сайдын нэрийг Бага хурлаар дэвшүүлж, УИХ-д оруулж ирдэг. УИХ-ын даргын нэрийг намын ямар ч хурлаар дэвшүүлдэггүй. Намын дүрмэнд ч байхгүй. Намын хурал,намын дүрмийн дагуу л асуудал хэлэлцэх ёстой. Хийх ёстой ажлаа л хийцгээе. Хуулийн дагуу аливаа хэлэлцэх асуудлыг хэлэлцэх газар нь хэлэлцье. Асуудалд хуулийн дагуу л хандъя.

Монгол Улсын хууль тогтоогчид, санаачлагчид өөрсдөө хуулиа хэрэгжүүлж ажиллах ёстой. Өөрсдөө чадахгүй байгаа хэрнээ өөр хэн нэгнийг хууль сахиул гэж бид яаж хэлэх билээ. Нөгөө талаас энэ асуудал бол манай тусгаар тогтнолтой туйлын хамааралтай асуудал шүү. Хуулийн дор захирагдаж, хуулийн дор нэгдэж байж л бидний тусгаар тогтнолыг бусад орнууд үнэлнэ, цэгнэнэ, хянана, зөвшөөрнө шүү дээ.

-ЖДҮХС-гаас нэр бүхий албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад хэрэг үүсгэх хэмжээнд хүрсэн гэдгийг зарим УИХ-ын гишүүд хэлсэн. Энэ тухайд?

-ЖДҮХС-гаас зээл авсан эсэх асуудал бол нотолгоотой, баримттай, хууль зүйн үр дагавартай асуудал. Мэдээлэлд ойр байдаг албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдэл. Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой үйлдэл мөнөөс мөн. Гэсэн ч УИХ-ыг бойкотлон, жагсаал цуглаан хийж ЖДҮ-гийн асуудлыг бүрэн дарахыг оролдож байна. УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудал нь ЖДҮ-ийн энэ асуудалтай салшгүй холбоотой гэж би үзэж байгаа.

Чуулганаар хамгийн сүүлд ХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг ярьж эхэлсэн, мөн алтны татварын асуудлыг хэлэлцэж байсан. Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн асуудлууд, татварын хуулийн орчны асуудал гээд нийгэмд хүлээгдэж буй олон асуудал бий. Тэгсэн ч бүх зүйлийг гацаасан хэвээр л байна.

-МАН-ыг тарсан нь дээр гэх хүмүүс ч байна л даа...

-МАН-ын Бага хурал бол нам нь төрийн дээр гарах гэсэн үзлийг илэрхийлсэн хурал болсон гэж дүгнэж байгаа.Хурал дээр бүх зүйлийг үнэнээр, хуулийн гаргалгаатай, цаашид юунд хүргэж болох талаар нь хэлж сануулсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдыг ажлаас нь чөлөөллөө. Бага хурлын үеэр 50 орчим хүмүүс үгээ хэлсэн. Тэдэн дотор хуулийн дагуу хандахыг сануулсан олон журмын нөхөд байсан. Юу ч хэлсэн ойлгохыг хүсэхгүй хүч түрсэн нөхөд ч байв.

МАН 2016 оны сонгуулиар олонх болж засаглалын бүх эрхийг авснаар зарим хүмүүс холбогдох томоохон албан тушаалд томилогдсон. Тэд албан тушаалдаа бялуурч, намынхаа маргаашийг харж чадахгүй болтлоо сохорч дээ гэдгийг Бага хурлын үеэр харж суулаа. Манай нам өөрөө хүн бус дарга төвтэй болж, үнэ цэнэтэй,үзэл бодолдоо үнэнч журмын нөхөд ховордож дээ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Харамсалтай шийдвэрүүдийг гаргаж байна лээ. Түүнийгээ мэдэхийг ч хүсэхгүй байгаа нь эмгэнэлтэй юм.

Хүч түрэн боомилж байгаа нь ч илт байв. Зарим нь 30 минут ярьж байхад нэг хэсэг нь дотоод журамдаа зааснаар таван минут л ярина. Хаалттай хурал гэчихээд өөрсдөд хэрэгтэй мэдээллээ тэр даруй нийгмийн сүлжээгээр дамжуулна. Ийм л хуралд анх удаа л суусан. Намын байр руу ороход л илт байсан л даа. Дүүрэн залуучууд зогсоож сүр хүчийг үзүүлсэн, нэгэн бодлын аймшигтай гэмээр санагдсан.

Мэдээж ард түмэн үүнийг тунгааж байгаа. Тийм ч учраас биднийг шинэчлэж, сайжирч, аливаа асуудалд үндэсний, ард түмний эрх ашгийг тусгаж, хамгийн гол нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол “Тарсан нь дээр дээ” гэсэн нийтлэг үзэл байгаа нь нууц биш юм.