Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээнд цахим шилжилт хийлээ
Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцууллаа.
Энэ нь “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Уг “Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болсон нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Цахим шилжилт өдрөөс өдөрт эрчимтэй явагдаж олон зуун мянган иргэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй гар утаснаасаа, гэрээсээ авч байна. Бид богино хугацаанд амжилт үзүүлсэн гол суурь хүчин зүйл нь Иргэдийн оролцоо, Хотын удирдлагын цахим манлайлал хамтын ажилллагаа, Мэргэжлийн баг хамт олны сайн гүйцэтгэл байлаа” гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг ярилаа.
Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.Үүнд:
- УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
- Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
- Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
- Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/
- Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
- Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
- Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
- Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
- Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.