Дүүрэг бүрт Инновацийн төвийн салбарыг байгуулна
НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар хотын Инновацийн төвд ажиллаж, гарааны бизнесээ эхлүүлж байгаа компанийн залуустай уулзаж санал солилцжээ. Тус төв нь 2016 онд Засгийн газрын дагуу 2018 оны зургадугаар сард шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод инновацийн экосистемийг бүрдүүлэх, шинэ санааг хөгжүүлж, инновацид суурилсан гарааны бизнесийг дэмжих, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэхүйц өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа тухай төвийн дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
С.Амарсайхан тэдэнтэй уулзахдаа хэлсэн үгэндээ
"Өнөөдөр Инновацийн төвийн үйл ажиллагаатай бид танилцаад зогсохгүй цаашид Нийслэл хотын өмнө тулгамдсан агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн хөгжлийн бодлоготой уялдуулах, асуудлын шийдлийг илэрхийлсэн шинэ технологи, шилдэг туршлагыг судлан нэвтрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгт үндэслэсэн бодит, үр дүнтэй судалгааны ажил, төсөл хөтөлбөрийг дэмжихэд инновацийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй шинэ залуу боловсон хүчин та бүхний үүрэг оролцоо чухал" гэдгийг онцлоод, энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарч, улмаар дүүрэг бүрт Инновацийн төвийн салбарыг байгуулах зэргээр дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.