С.Чинзориг: Ирэх оны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ
2018.12.05

С.Чинзориг: Ирэх оны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (өчигдөр) хуралдсангүй. МАН-ын дотоод зөрчил үргэлжилж байна гэж ойлгож болох уу?

-УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (өчигдөр) хуралдахгүй гэсэн зар ирсэн байна лээ. Хэлэлцэх асуудал байхгүй гэж ойлгосон. Намын дотоод зөрчлийн хувьд цаашид хоорондоо ярилцаж, ойлголцож, харилцан буулт хийж асуудлаа шийдэх болов уу гэсэн бодолтой байна.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдааны үеэр нэлээд хэдэн хүнд хариуцлага тооцно гэж байсан. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулахаар болсон байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би энэ асуудлыг хариулж мэдэхгүй. Ерөнхий сайдын хэлсэн үгний өмнөөс би тайлбар хэлэх зохимжгүй.

-Засгийн газар цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахаар боллоо. Одоо нийгэмд тулгамдсан, орхигдсон ажлуудаа нэн яаралтай хийх шаардлагатай байгааг олон нийт шүүмжилж байна?

-Одоо хэрүүлээ зогсоож, ажлаа хиймээр байна шүү дээ. Манай салбарт л гэхэд шийдвэрлэх шаардлагатай олон ажил байна. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх шаардлагатай. Тиймээс энэ сард багтаан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын үр дүнгийн урамшуулал таван хувь байгааг 10 хувь болгохоор ирэх оны төсөвт тусгасан. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна ирэх оны хоёрдугаар сараас тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр төсөвт тусгасан. Эдгээрийг хэрэгжүүлэх төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтай шийдвэрлүүлмээр байна.

-Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж аваагүй. Харин түүний саналыг дэмжин хөдөө аж ахуйн үйлдвэр байгуулахад зарцуулах 500 тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр болсон. Энэ оны төсвөөс 500 тэрбум төгрөг гаргах юм уу. Эсвэл ирэх оны төсөвт тодотгол хийх үү?

-Энэ оны төсвийн орлого төлөвлөснөөс багагүй хэмжээгээр давж байгаа. Тиймээс энэ оны төсвийн орлогоос үйлдвэржилтэд зарцуулах 500 тэрбум төгрөгийг гаргах чиглэл өгсөн. Тиймээс энэ сард, эсвэл он гарсны дараа төсөвт тодотгол хийх байх.

-Өнөөдөр (өчигдөр) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрөөс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулж Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр үндэсний чуулган зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудал бий. Эдгээрийг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газар олон талын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг үндэслэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай болох асуудлыг шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж нэлээд бага байгаа нь үнэн. Тиймээс ирэх оны улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны доод түвшинд хүргэж, нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн олон улсын байгууллагуудын дэмжлэгээр ирэх оны гуравдугаар сард өдөртөө 250 хүүхэд амбулаториор хүлээн авч эмчлэх, оношлох, 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой Хүүхдийн хөгжлийн төв ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа. Энэ мэтчилэн цөөнгүй ажил хийж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө олон асуудал тулгамдаж байгаа нь үнэн. Хоёр асуудлыг онцолж хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох боломж бүрдэхгүй байгааг олон жил ярьж байна. Тухайлбал, дэд бүтцийн асуудлаас болж зам гарцаар аюулгүй гарах боломж хомс байна. Тиймээс эхний ээлжид дэд бүтцийг сайжруулах шаардлагатай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг мэргэшүүлэх, чадавхжуулах шаардлага бий. Одоогоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй төрийн бус байгууллага байна. Үүний 80 орчим хувь нь идэвхгүй, 20 орчим хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хэрхэн чадавхжуулах вэ. Төрийн бус байгууллагуудтай Засгийн газар хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх шаардлагатай. Нөгөө талаар Засгийн газрын тухай хуульд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно гэж заасан байдаг. Энэ чиглэлээр бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалан ажилладаг үндэсний хэмжээний төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ онд 12 төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний санхүүжилт олгож ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй хүн ажил хийх боломжгүй байдаг. Ирэх онд асаргааны тэтгэмжийг нэмэх үү?

-Асаргааны тэтгэмж бага байгаа гэдэгтэй санал нэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч, хамгаалж байгаа хүн өөрөө ажил хөдөлмөр эрхлэх боломж нь хязгаарлагдмал байдаг. Нөгөө талаас сэтгэл санааны асар их дарамтад байдаг. Тиймээс асаргааны тэтгэмжийг багагүй хэмжээгээр нэмэхээр төсөвт тусгасан.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий юү. Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэднийг энэ хөтөлбөрт хамруулах боломж хэр байгаа вэ?

-Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 90 айлын орон сууц барьсан. Үүнээс хойш тэдэнд зориулж орон сууц бариагүй. Тиймээс түрээсийн орон сууцны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах бодлого баримтлах нь зөв. Цаашдаа энэ чиглэлээр Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч ажиллана.

Б.ЦЭНД-АЮУШ