Мэндчилгээ
Боловсролын салбар дахь чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн анхны байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/-ийн 20 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагыг үүсгэн байгуулагчид, зөвлөлийн үе үеийн гишүүд, шинжээчид, эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан залуучууд, хамтран ажиллагсдад баярын мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсад дээд болон мэргэжлийн боловсролын үндэсний тогтолцоо үүсэн хөгжсөн зуун дамнасан он жилүүдийн сүүлийн хорь гаруй жил нь олон шинэ үйл явдал, ололт амжилтаар дүүрэн байлаа. 1991 оноос анхны хувийн хэвшлийн сургалтын байгууллагууд үүсэн байгуулагдаж, суралцагчдын тоо эрс өсч, сургууль, мэргэжлээ сонгон суралцах боломж цоо шинээр нээгдсэн нь энэ салбарт сургалтын байгууллагын үйл ажиллагаа, чанарт хөндлөнгийн, хараат бус чанарын баталгаажуулалт хийж магадлан итгэмжлэх шаардлагыг бий болгосон юм.
Энэ шаардлагыг соргогоор мэдэрсэн тухайн үеийн төр, засаг 1995 оноос эрх зүйн орчныг нь бүрдүүлэн, 1998 онд Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулсан нь социалист системээс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудын хувьд анхдагч нь байлаа.
Магадлан итгэмжлэлийн үндэсний байгууллагыг анхнаас нь АНУ, Азийн өндөр хөгжилтэй зарим орны боловсролын магадлан итгэмжлэлийн олон жилийн туршлагатай байгууллагуудын жишиг, хэв шинжээр байгуулан ажиллуулж, богинохон хугацаанд эх орныхоо дээд болон мэргэжлийн боловсролын салбарт төдийгүй боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын сүлжээ, магадлан итгэмжлэлийн байгууллагуудад танигдсан үндэсний хэмжээний тогтолцоо болгон хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн удирдах ажилтнууд, менежер, мэргэжилтэн багш нарын хөдөлмөр, санаачилга, зүтгэлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Гэвч улам бүр хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнц биднээс дээд боловсролын чанар, шинэчлэлийг шаардаж байна. Цаг үеийн энэхүү шаардлагаар бид 20 жилийнхээ хугацаанд хуримтлуулсан туршлага, алдаа, оноонд тулгуурлан энэ салбарт зоримог алхам бүхий чанарын шинэчлэл хийхийг эрмэлзэн ажиллаж байна. Тухайблал, БМИҮЗ нь Олон Улсын чанарын баталгаажуулалтын сүлжээ байгууллагуудаар чанараа үнэлүүлэх ажлыг эхлүүлэн түүнчлэн үндэсний тогтолцоогоо хөгжүүлэх чиглэлд ихээхэн ажил хийлээ.
Түүнчлэн Ази-Номхон далайн чанарын сүлжээ байгууллагаар үнэлгээ хийлгэж хүлээн зөвшөөрөгдөх ажлыг эхлүүлсэн, Боловсролын магадлан итгэмжлэх байгуулагын дүрмийг 15 жилийн дараа батлуулсан, Байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх ажлыг олон жилийн дараа эрчимжүүлж 22 сургууль, 13 хөтөлбөрийг олон улсын шалгуур шаардлагаар магадлан итгэмжилсэн, БМИҮЗ-ийн дүрэм, журмуудыг шинэчлэн батлуулсан, Байгууллагын Удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлсэн, Олон улсын шинжээчдийг Монгол улсд анх удаа бэлтгэсэн, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлсэн, байгууллагын хүний нөөцийг чадавхижуулсан, БМИҮЗ-ийн стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулсан гэх мэт олон ажлуудыг богино хугацаанд хийж хэрэгжүүллээ.
Цаашид даяарчилагдаж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, хөгжил түүчээлэхийн тулд Монголын боловсрол, Монголд боловсрол эзэмшсэн залуус дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгддэг болох ёстой.
Хорин жилийн босгон дээр БМИҮЗ алсын хараа, зорилгоо энэ хүрээнд тодорхойлж, үе шаттай арга хэмжээ аван ажиллах болно. Үүний тулд магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг эхний шатанд Ази-Номхон далайн орнуудын нийтлэг стандартад нийцүүлэн, их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага гэсэн ангилалаар, сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлага, шалгуурыг мэргэжлийн чиглэл бүрээр ялгавартай боловсруулан үндэсний стандарт болгон баталгаажуулан хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах, олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаас хамгийн найдвартай, чанартайг нь сонгон хамтран ажиллаж, Монголын боловсролын чанарыг дээшлүүлж, олон улсад хөрвөх чадварыг нь нэмэгдүүлэх түүнчлэн хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчдийн хэрэгцээг нээлттэй хангаж, боловсролын глобал зах зээл дээрх өрсөлдөөнийг даван гарч, тасралтгүй хөгжих нь манай бүх шатны боловсролын байгууллагуудын эрхэм зорилго болоод байна.
Мөн дээд болон мэргэжлийн боловсролын салбарт хөндлөнгийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт зонхилж байгааг анхаарч, сургалтын байгууллага бүр чанарын дотоод хяналт, үнэлгээний системийг бүрдүүлэн хоёр талаас адил тэгш оролцоотой хамтран ажиллах шаардлагатай байна.
Энэхүү алсын хараа, зорилгынхоо төлөө боловсролын үйлчилгээг хэрэглэгч бүх талуудын оролцоог жигд ханган, амжилт ололтоо бататган төгөлдөршүүлж ажиллана гэдэгт Боловсролын магадлан итгэмжлэлийн төв байгууллага, хамт олонд гүнээ итгэж байна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, БМИҮЗ-ийн
Удирдах зөвлөлийн дарга Ц.ЦОГЗОЛМАА.