Залуус тогтвортой хөгжлийн асуудлаар чууллаа
МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд залуусын оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уг чуулга уулзалтад хөдөлмөр эрхэлж байгаа болон ажил идэвхтэй хайж буй 500 залуусыг хамруулсан байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тулгуур зорилго болох Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар залуучуудад мэдлэг, мэдээлэл олгох, уг зорилтыг хэрэгжүүлэхэд залуусын оролцоог дээшлүүлэх, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд тэдний дуу хойлойг хүргэх үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Дээрх арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар оролцож залуучуудад хандаж мэндчилгээ дэвшүүллээ.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар залуучуудад хандан хэлсэн үгэндээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд залуусын оролцоо чухал үүрэгтэй. Гэвч энэхүү зорилтыг хэрэгжилт хангалтгүй, залуучуудын хөдөлмөрлөх эрх ажлын байранд зөрчигдөх нь цөөнгүй байдаг. Иймд нийгмийн түншлэгч талууд залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хангуулахад хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
Арга хэмжээний үеэр “Залуучуудын зохистой хөдөлмөр” сэдвээр МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооны дарга Э.Тамир, “Залуу хүний зайлшгүй хэвшүүлэх 10 дадал” сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө хэрхэн борлуулах вэ” зэрэг илтгэлүүд тавигдаж дээрх сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн ажил идэвхтэй хайж буй залуучуудыг нээлттэй ажлын байранд зуучлан, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудын танилцуулга, өдөрлөг зохион байгуулагдлаа.