Онцгой байдлын албаны шилдгүүд тодорлоо
Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2017 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцож, Онцгой байдлын албаны үйл ажиллагааг дүгнэн үг хэллээ.
Тэрбээр, Бид бүхэн 2017 онд гамшгаас хамгаалах эрхзүйн болон бодлогын баримт бичгийн шинэчлэлтийг хийх, албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Улиран одож буй хуучин он ололт амжилтаар дүүрэн байсан хэдий ч бид бүхний гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадварыг сорьсон бэрхшээлтэй үйл явдлууд нэлээд тохиолдлоо. Өнгөрсөн хавар, зуны ой, хээрийн түймэр, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймэр, Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд тохиолдсон ослын үед Онцгой байдлын байгууллагын удирдлага, аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, төр, засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэлээ.
Түүнчлэн “Бид бүхэн 2018 онд Гамшгийн эрсдлийн бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулж Монгол Улсын гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хүрсэн манлайллыг бататгах, олон улсын түвшинд эх орныхоо эзлэх байр суурийг нэмэгдүүлэхэд та бидний хамтын ажиллагаа ихээхэн чухал” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
Онцгой байдлын байгууллага 2017 оны ажлаа 92,8 оноогоор “А” үнэлгээтэй дүгнэгдсэн юм.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн анги, байгууллага, шилдэг албан хаагчдаа шалгаруулж, шагнал гардуулсан юм.
2017 оны “Тэргүүний газар”-аар, хурандаа Л.Баярсайхан даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хурандаа Д.Намсрай даргатай Аврах тусгай анги шалгарсан бол хурандаа Д.Даваасүрэн даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Тэргүүний хэлтэс”-ээр шалгарлаа.
Харин ахмад Э.Энхбаяр ангийн захирагчтай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, хошууч Ц.Уранчимэг даргатай Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбар “Тэргүүний анги, салбар”-аар, ахмад Н.Нямсүрэн салааны захирагчтай Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн II салаа, ахлах дэслэгч А.Лхагва-Очир даргатай Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн I бүлэг, “Тэргүүний салаа, бүлэг”-ээр шалгарч, шагнал хүртлээ.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит шагналаар Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Х.Мягмаржав, Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн Орхонтуул сум дахь Улсын нөөцийн цэгийн нярав С.Мөнхцэцэг нар шагнагдсан юм.
Мөн ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын албанд ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Шилдэг албан хаагчдыг тодрууллаа.