Ажиа гэгээн ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд тоног төхөөрөмж хандивлалаа
2017.08.10

Ажиа гэгээн ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд тоног төхөөрөмж хандивлалаа

Монгол Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр "Энэрэл нигүүлсэл" оюун билгийн төвийн тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэн санаачлан ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардлагатай 57.9 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Хүүхдийн эрүүл мэндийн шинэ өргөтгөлд орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлэгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн нэгдсэн систем багтсан төхөөрөмжүүдийг хандивлаж байгаа юм. 

ӨНӨӨДӨР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДЫН БАЯРЫН ӨДӨР

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр ирсэн Ажиа гэгээнтнийг ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Очирбат хүлээн авч уулзахдаа "Эрүүл мэндийн байгууллагад ийм хүндтэй хөрөнгө оруулалт хийж, зон олныхоо эрүүл амьдралын санаа тавин, буяны үйлс хийдэг танд болон, таны "Энэрэл Нигүүлсэл" төвийнхөнд өөрийн салбарынханы өмнөөс талархал илэрхийлье" гэсэн юм.

Мөн өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчдийн баярын өдөр тохиож байгаатай холбогдуулан бүхий л эрүүл мэндийн байгууллагын ажилчдад ажлын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмжийг Ажиа гэгээн батламжийн хамт төлөөлөн ирсэн хүмүүст гардуулсан юм.

ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙН ХАНДИВД АМЕРИКТ АМЬДАРЧ БАЙСАН МОНГОЛЧУУД ОРОЛЦСОН

Ажиа гэгээн Лувсантүвдэн "Эмнэлгийн өргөтгөлийн хандивд Америкт амьдарч байсан Монголчууд оролцсон. Энэ хандивт оролцсон хүмүүсийн сайхан сэтгэлийн үзүүр олон хүүхдүүдэд тус дэм болоосой" гэсэн юм.

Энэ олон хүний тусламжаар баригдсан хүүхдийн эмнэлэгийн өргөтгөл нь цахилгааны болон агааржуулалтын системтэй байхаар төлөвлөгдөн баригдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тасгууд байрлах зургаан давхар барилга болон бясалгалын төвийн гурван давхар барилгаас бүрдэж байна.

ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга А.Оюунчимэг "Ажиа гэгээнтний санаачилсан энэ ажил хүүхдийн тусламж үйлчилгээнд, ялангуяа цусны өвчтэй, хавдартай хүүхдүүдийн эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хувь нэмэр болж байна" гэв.

УРГИЙН БАГА ҮЕИЙН ОНОШИЛГООГ ЭХ ОРОНДОО ХИЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Энэ жил ЭХЭМҮТ эрчимт эмчилгээний бүх тасгууд, нярайн тасгийн бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Ингэснээр өмнө нь эх орондоо эмчлэх, оншлох боломжгүй зарим асуудлууд шийдэгдсэн аж. Тухайлбал ургийн бага үеийн оношлогоог эх орондоо хийх бүрэн боломжтойболсон байна. Ураг ямар нэг гажигтай байгаа эсэхийг тодорхойлдог анагаахын удам зүйн лаборатори бүрэн тоног төхөөрөмжтэй болж үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Ажиа гэгээн 2011 онд "Энэрэл нигүүлсэл Оюун билгийн төв" ТББ-ыг хүүхдийн цусны эмгэг, хавдар туссан хүүхдүүдэд туслах, өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нээж байжээ.