Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2017.07.05

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.07.05/ хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийв.

Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснээс гадна хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9.4.1 дэх заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боловсруулсан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.