Сумдад аврах анги байгуулна
2017.07.04

Сумдад аврах анги байгуулна

Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон обьектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо.

IV зэрэглэлийн гал унтраах анги 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан албан хаагчийн тоог 39-өөр тогтоосон байна.

Энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 138 удаа ой, хээрийн түймэр гарч 31 мянга га ой, 3.2 сая га түймэрт өртөж, байгаль экологид 10 гаруй тэрбум, эд материалын тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас дөрвөн хүн нас барж дөрвөн хүн түлэгдэн 41 айлын гэр, 64 саравч, 6143 толгой мал, бусад зүйл шатсан байна.

Тэгвэл мөн хугацаанд 1792 удаа обьектын гал түймэр гарч зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо гарчээ. Галд 22 хүн амиа алдаж, 19 хүн түлэгдэн 822 толгой мал хорогдож, 764 гэр, орон сууц шатсан байна. Аврагч, гал сөнөөгчид 462 хүний амийг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын  10 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймэрт өртөхөөс сэргийлж чаджээ.

Нийгэм, эдийн засгийн байдлаас болж хотын есөн дүүрэгт 14, 21 аймгийн 330 сумын 42-т нь л гал түймэр унтраах аврах анги ажиллаж байна.