2017.05.18

Ц.Цогзолмаа: Залуучуудыг орон байраар хангах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа уг хуулийг 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийлээд хууль санаачлагчаас асуулт асуулаа.

Ц.ЦОГЗОЛМАА: ЗАЛУУЧУУДЫГ ИД ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ ҮЕД НЬ ДЭМЖИХ НЬ ЗӨВ

Манай хүн амын насжилтын индексийг “цонхны үе” гэж нэрлэдэг. Нийт хүн амд залуучуудын эзлэх хувийг харьцуулж үзвэл 50-с дээш хувь байдаг. Энэ тохиолдолд залуучуудыгаа яг хийж бүтээх ид насанд нь дэмжих төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй. Энэ хуулинд хөрөнгө мөнгөний зарцуулалт, залуучуудыг орон байраар хангах, залуу гэр бүлээ дэмжих асуудал дээр ямар төлөвлөлттэй байна?

Залуучууд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж буй энэ насанд нь тэдний ТББ-уудыг дэмжих чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

Н.НОМТОЙБАЯР: ХҮН АМЫН БҮТЦИЙН ХУВЬД ХАМГИЙН ТААЛАМЖТАЙ ҮЕ

Өнөөдөр Монгол Улсын хүн амын бүтцийн хувьд хамгийн тааламжтай үе байгаа. Харамсалтай нь энэ тааламжтай үе 15-20 жилийн дараа эрчимтэй өөрчлөгдөх хандлага гарч байна. Хүн амд эзлэх залуучуудын хувь хэмжээ эрс буурч, эсрэгээрээ ахмад настны тоо нэмэгдэх хандлагатай байна.

Залуучуудын орон сууцны асуудал хамгийн чухал. Энэ хуулийг санаачлах явцад бид судалгаа хийсэн. Нийтдээ 27300 орчим залуучуудыг хамарсан судалгаагаар залуучуудын днд тулгамдаж байгаа тэргүүний асуудал бол 45 хувьтайгаар орон сууц гэж гарч ирсэн. Үүнийг залуучуудаа дэмжих хуулийн 5 дахь гол бодлого болгож оруулж ирсэн. Энэ бол хэтдээ даатгалын шинэчлэлийн хуультай уялдах юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байхдаа тодорхой хэмжээнд орон сууцны санхүүжилт хүртдэг байх зохицуулалтыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд хийх боломжтой.