Б.Жавхлан: Монголбанкны хяналтын зөвлөл улс төрөөс ангид ажиллах ёстой
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/ Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан уг хяналтын зөвлөлийн үүргийг сануулаад, дарга, гишүүнд нэр дэвшигчдэд хүлээсэн үүргээ биелүүлэхийг захисан юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
"Монголбанкны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан нэр дэвшигчдийг дэмжиж байна. Хяналтын зөвлөлийг бодлогын зөвлөлтэй андуурах тал бий. Хяналтын зөвлөл нь Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй бөгөөд олон нийтийг төлөөлж ажилладаг институци юм.
Хараат бус, бие даасан байдалтай ажиллах ёстой. Төв банкны бодлогын зөвлөлийн шийдвэрт оролцохгүй ч гэсэн хяналт тавьж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөдөг, УИХ-д үйл ажиллагааныхаа тайлангаа танилцуулдаг үүрэгтэй.
Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнд Л. Ариунаа хоёр удаагаа нэр дэвшиж байна. Өмнө нь нэр дэвшиж байхад эсэргүүцэж, сөрөг санал хэлж байсан УИХ-ын гишүүд бий. Өнгөрсөн хугацаанд зөвшилцсөний үндсэн дээр дахин нэр дэвшиж байна гэж ойлголоо.
Тиймээс цаашид өөрийн ажил хэрэгтээ УИХ-ын гишүүдийн анхааруулж байсан зүйлс, тэр дундаа улс төрөөс хараат бус, бие даасан, мэргэжлийн чиг баримжаатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна."