М.Энхболд: Багийн Засаг дарга хүртэл гадаадын хөрөнгө оруулагчид дарамт үзүүлж байгаа шүү
УИХ-ын дарга М.Энхболд
2017.01.09

М.Энхболд: Багийн Засаг дарга хүртэл гадаадын хөрөнгө оруулагчид дарамт үзүүлж байгаа шүү

УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай Төрийн ордонд уулзаж, парламентын үйл ажиллагаа, ирэх дөрвөн жилд баримтлах бодлого зорилт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн.

Тэрбээр энэ үеэрээ гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчноос илүү албан тушаалтнууд чөдөр тушаа болж буйг хэлэн, цаашид анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрбээр “Хяналтын бодлогын хүрээнд эдийн засгаа өсгөх, дээшлүүлэх бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг зөв ойлголтод хүргэх асуудал чухал байна.

Би өнгөрсөн оны есдүгээр сард ээлжит бус чуулганы хаалтын үеэр хөрөнгө оруулалтын талаар тодорхой зорилт болгож хөрөнгө оруулагчдыг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах талаар үг хэлсэн. Мөн тухайн үед хийсэн судалгааг ч үзсэн. Өнөөдөр хүн бүр гадаадын хөрөнгө оруулалтыг хууль эрх зүйн орчин тогтворгүй гэж ярьдаг. Яг ямар гэхээр “2012 оны гуравдугаар сард хэдэн гишүүн хууль өөрчлөөд. Тэгээд л тогтворгүй байгаа юм гэсэн” гээд байдаг.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчид чинь өөрсдөө хууль эрх зүйн орчин тогтворгүй гэхээсээ 57.1 хувь нь ямар нэгэн шахалт, дарамт, хүнд суртлаас болж би Монголоос хөрөнгөө аваад гарах боллоо, гармаар байна гэдэг. Гадаадын хөрөнгө оруулагч 10 хүн тутмын зургаан хүн хууль эрх зүйн орчин биш, мэргэжлийн хяналт, гааль, орон нутгийн Засаг дарга нар дарамтлаад би ажлаа хийж чадахгүй байна гэж үздэг юм байна.

Хууль эрх зүйн орчин гэхээсээ дээрх 57.1 яагаад ингэж үзэж байна. Үүний хэдэн хувь нь орон нутгийн төр захиргааны байгууллагын дарамт, хэд нь төв Засгийн газрын дарамт байгаа бол. Аль, аль нь л байгаа. Шийдвэрийг нь гаргаж өгдөггүй юм байна. Юм хардаг юм уу. Байлгаад л байдаг. Иргэдийн хурал нь шийдчихээд байхад л гарын үсгээ зурж, тамгаа дарахгүй. Нөгөө нөхөр нь орчуулагчаа дагуулаад л нэг аймгийн Тамгын газар ч юм уу, эсвэл нэг яаман дээр хүлээгээд л байдаг.

Лиценз, зөвшөөрөл байсан юмыг нь янз бүрийн жижиг, сажиг юмаар хоргоогоод, тэвдүүлээд, сандаргаад байдаг юм байна. Гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улс хямралаас гарахад гол нөлөө болно. Үүн дээр та бүхэн маань нэлээд хариуцлагатай хандаж, байгаль орчны хяналт шалгалтаа бол тавилгүй яах вэ, аль болох дэмжсэн байдлаар хандах хэрэгтэй.

Багийн Засаг дарга хүртэл өөрийнх нь нутаг дэвсгэрт байгаа гадаадын хөрөнгө оруулагчид багагүй дарамт үзүүлж байгаа шүү. Гадаадын хөрөнгө оруулагчдын талаар намайг үг хэлснээс хойш Хуул зүй дотоод хэргийн яамнаас л нэг шийдвэр гарч байна лээ. Энэ бол ганц Энхболд гэж хүн хэлээд байгаа юм биш. Хууль тогтоох байгууллага, УИХ ингэж үзээд хэлж байгаа юм” гэв.