Ц.Даваасүрэн: Дараа дараагийн "Оюу толгой"-г битгий сүйтгэчихээсэй гээд хол цөлж байгаа юм уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.17/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, тохоон томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
"Энэ дотор яваа хоёр хүнийг улс орныхоо төлөө хэр явах талаар эргэлзэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийж явсан хүмүүс нэг компанийн зөвлөхөөр ажиллаж доошоо ороод байна. Ийм албан тушаалд ажиллаж байсан хүмүүстэй хариуцлага тооцож ажиллана гэдэг хүнд шүү дээ.
Элчин сайдад нэр дэвшиж буй С.Баярын тухайд Ерөнхий сайд байхдаа “Атрын II” аяныг эхлүүлж, хөдөө аж ахуйн салбарт сайн зүйл хийснийг үгүйсгэхгүй. Гэхдээ Атрын аяныг өрнүүлж байхад Оюу толгой цаашаа харсан нь үнэн.
Дубайн гэрээ байгууллаа гээд М.Энхсайханд алга ташиж баяр хүргээд УИХ-ын чуулганы танхимд орж ирээд энэ асуудлаар олон зүйл ярьж байсан нь үнэн. Өдөр тутам алдаад байна гэсэн 1 сая ам.доллар хаачсан бэ?
Бүх татварыг тооцоод 160 сая ам.доллар Оюу толгой төлөхөөр болж байх шиг байна. Хямралд орсон энэ үед өрнөөс юугаа ч өгөхөд бэлэн байна шүү дээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэж байна. 2009 онд эдийн засаг хямарч байх үед 1,9 тэрбум ам.долларын экспорт хийж байсан. Одоо 4,6 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2,5 дахин экспорт хийж байгаа нь Монголын ашиг биш Оюу толгойн ашиг болж, бид валютын нөөцгүй болж, хямарч байна.
Оюу толгой Монгол Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний ачаа ачуулдаг атлаа төсвийн орлогод 6 хувийн ачаа үүрч байна. 2009 онд ам.долларын ханш 1300-1400 төгрөгтэй тэнцэж байсан. Өнөөдөр 2400 гарлаа. 7 жилийн өмнөхтэй харьцуулахад экспорт 2,5 дахин нэмэгдчихээд байхад хаачсан бэ тэр ам.доллар?
Валютын ханш өдрөөс өдөрт, цагаас цагт өсөж байна. Оюу толгой төсөл хөдөлж байгаа юу, хөдөлж байгаа. Төлөвлөснөөсөө хурдацтай явж байгаа. Гэхдээ Оюу толгой нийгэмд зөв мессеж болж очоогүй, гадаадын хөрөнгө оруулагчид гарч байна гэдэг. Нэг талаасаа дараа дараагийн “Оюу толгой”-г битгий сүйтгэчихээсэй гээд хол цөлж байгаа ч юм уу? Нөгөө талаасаа яаж хуйвалддаг вэ гэдгийг энэ томилгоо харуулж байна."