Зүүн хойд Азийн хотуудын дарга нар Улаанбаатарт чуулж байна
2016.08.04

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар Улаанбаатарт чуулж байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ.

Форум төв талбайд дэлгэсэн “Хотын ногоон шийдлүүд” үзэсгэлэнгийн нээлтээр эхэлж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер нар нээж үг хэлсэн юм. Үзэсгэлэнд Дэлхийн банкны “Green nation challenge” төсөл, Төрийн бус байгууллагууд болон 48 аж ахуйн нэгж оролцож Эко эрчим хүч, Эко цахилгаан, дулаан, Эко тээвэр, Эко үйлдвэрлэл сэдвээр бүтээгдэхүүнээ танилцууллаа. Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн бүгд хүн амын эрүүл мэндэд тустай, агаарын бохирдлыг бууруулахад чиглсэн эко бүтээгдэхүүнүүд юм. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй агаарын бохирдлын эсрэг чиглэсэн төсөл хөтөлбөр, үндэсний үйлдвэрлэгчдийн зохион бүтээсэн техник, технологийг олон нийтэд болон Зүүн хойд Азийн хотуудын дарга нар, төлөөлөгчдөд танилцуулах явдал. 

2014 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэхүү форумын нээлтэд оролцохоор БНХАУ-ын Инуан хотын орлогч дарга, Чанчунь хотын орлогч дарга болон Гадаад харилцааны дарга, БНСУ-ын Пусан хотын дарга, Унгарын Будапешт хотын орлогч дарга нар ирсэн байлаа. Өнөөдөр болох форумын хурал хэлэлцүүлэгт оролцох бусад төлөөлөгчид өчигдөр үдээс хойшдоо багтан Улаанбаатарт буусан аж. Өнөөдөр дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдсэн байгаль орчин сүйдэх, байгалийн гамшигт үзэгдэлтэй тулгардаг болоод байгаа. Хүний хүчин зүйлээс болж хэлмэгдэн эвдэрч буй байгаль дэлхийн онгон төрхийг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон технологи нутагшуулах ажлыг хүн төрөлхтөн цаг алдалгүй хийх ёстойг улс орнуудыг ухамсарладаг болсон. Тиймээс хөгжлийнхөө чиг хандлагыг ногоон хөгжлөөр тодорхойлж, ногоон байгууламжийг ихээр бий болгож байгаа. Тухайлбал, Сөүл, Сидней зэрэг ногоон хөгжлөөрөө бусдыгаа хошуучилдаг хөгжилтэй хотуудыг монголчууд мэднэ. 





Улаанбаатарын ногоон хөгжлийг хоёр дахин нэмэгдүүлнэ

Монголын нийслэлд агаарын болон хөрсний бохирдол, хог, тоос шороо, нийтийн тээвэр зэрэг шийдэх ёстой тулгамдсан цөөнгүй асуудал бий. Эдгээр бэрхшээлээ бүс нутгийн хөгжилтэй хотуудаас санаа авч, шийдэх гарц хайх нь энэ форумын бас нэг давуу тал болж байгаа. Хотын ногоон хөгжил Улаанбаатарын дээрх бэрхшээл хүндрэлийг шийдэх бас нэг чухал алхам. Улаанбаатарыг байгаль экологийн цогцолбор хот болгох зорилт нь нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай хот” болгох үндсэн зорилттой нийцэж байгаа. Ногоон хөгжлийн асуудлыг дэмжсэн шийвэр гаргах нь өдрөөс өдөрт тулгарч байгаа шаардлага. Энэ зорилтын үүднээс Улаанбаатарын ногоон хөгжлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Ингэхдээ төв талбайд үзэсгэлэнгээ дэлгэж буй компаниудын бүтээгдэхүүнийг ашиглах болно гэж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй хэлсэн бол Азийн сангийн Байгаль орчны хөтөлбөрийн захирал Ким Де Ридер “Өнөөдөр бид энд ногоон хөгжлийг дэмжсэн шинэ технологи, зарим өндөр хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний болон бусад эко бүтээгдэхүүнтэй танилцах болно. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форум хотын бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх хуучинсаг аргаас татгалзаж, шинэ оновчтой шийдлийг үйл ажиллагаандаа хэвшүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж чаддагаараа онцлогтой” гэж мэдэгдэв. 

Улаанбаатар хотын экологийн тогтвортой хөгжил, түүний хэтийн төлөв ямар байх вэ?

Дэлхийн хотуудын ногоон хөгжлийн чиг хандлагыг хог хаягдал, нийтийн тээвэр, агаар, хөрсний бохирдол, эрчим хүчнийхээ эх үүсвэрийг шийдэж байгаа шийдэл, цэвэр усаа эргэлтэд оруулж чадаж байна гэх мэт үндэслэлээр тодорхойлдог юм байна. Улаанбаатар хот дээрх асуудлыг ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд хогны үйлдвэрийн загвар, эрчим хүчний ухаалаг систем нутагшуулах арга, нийтийн тээврийн асуудал зэргээ шат дараатай шийдвэрлээд явж байгаа аж. Нөгөө талаар ногоон хөгжилд түлхэц үзүүлсэн ногоон технологийг өөрсдийн боломжид тулгуурлан харуулах ажлыг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилготой төслийг олон улсын Жайка байгууллага болон Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банкууд хэрэгжүүлж байгаа юм. 

Өнөөдөр болох хуралдааны ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар нээх бөгөөд УИХ-ын гишүүн асан С.Оюун үндсэн илтгэлийг тавих юм байна. Энэ өдөр “Сор 21”, Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлсэн хотуудын бодлого, Цахилгаан, дулааны болон хийн хангамж, шийдэл сэдэвт салбар хуралдаанууд болно. Энэ үеэр НҮБ-ын зохицуулагч, хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Тракманы “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг, ОХУ-ын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институтийн ерөнхий экологич, Москва хотын Засгийн газрын зөвлөх Ф.О.Николаевичийн “Улаанбаатар хотын экологийн тогтвортой хөгжил түүний хэтийн төлөв”, Олон улсын санхүүгийн корпорацийн ЗХА, Номхон далайн хотуудын хөтөлбөр хариуцсан захирал Жессе Анг “Монгол Улс дахь ногоон эрчим хүч, ногоон барилгын хэрэгцээ боломжууд”, Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч Жон Лайонс “Хотын эрчим хүчний сорилтууд чиг хандлага” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм байна. 

Шатахууны зардалгүйгээр ажил, албаа амжуулна

Өчигдөр нээгдсэн үзэсгэлэнгийн тухайд байгаль орчноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 48 аж ахуйн нэгж эко эрчим хүч, эко цахилгаан дулаан, эко тээвэр, эко үйлдвэрлэл гэсэн дөрвөн сэдвээр бүтээгдэхүүнээ танилцуулж байгааг дээр хэлсэн. Тэдний дундаас ECOBUS компанид үйлдвэрлэгдсэн жижиг оврын автомашин олны анхаарлыг татах ажээ.

Батерейгаар ажилладаг (12Vx4ширхэг, 120AН), найман цаг цэнэглэдэг, Toyota AC удирдлагын систем 48M350-350A хянах самбартай, сайжруулсан давхар урд салхины шилтэй, их бие нь үйлдвэрийн полипропилен хуванцар, FM , CD тоглуулагч, шил арчигч, хурд түгжигчтэй, хоёр хүний суудалтай, урт өргөн, өндөр нь 2020х1170х1610 мм, тэнхлэгийн өндөр нь газраас 15 см, эргэлтийн радиус нь 2.5 м, явах өгсүүр нь 20 хувь, 520 кг жинтэй энэ машиныг хүмүүс нэлээд сонирхож байгаа гэнэ. Машин удахгүй 200 хүртэл кг ачаа тээвэрлэх зориулалттай жижиг оврын чиргүүлтэй болох гэнэ. Учир нь хөдөөнийхөн ийм чиргүүл нэмчихвэл шатахууны зардалгүйгээр сумын төвдөө ажил албаа амжуулах юм байна гэцгээсэн аж.

Мөн тус компани үзэсгэлэн дээр нийтийн тээвэрт зориулж үйлдвэрлэсэн автобус, жижиг оврын автобусаа авчирсан байлаа. Анхаарал татсан өөр нэг зүйл гэвэл “Эко зуух” компанийн бүрэн автомат ажиллагаатай зуух. Бүрэн шаталттай учраас агаарын бохирдол үүсгэхгүй. Гэр хорооллын нэг гудамжинд нэгийг суурилуулж, гудамжны айлуудын дулааныг утаагүйгээр шийдэх боломжтой гэнэ. Түүнчлэн “GORGAZ” компанийн олон улсын стандартыг хангасан бүх төрлийн хийн тоног төхөөрөмжүүд сонирхох ёстой бүтээгдэхүүний нэг байсан юм.

Хэрэглэгчдэд зориулан аяны болон ахуйн зориулалттай 5, 10, 14, 20, 50 кг-ын багтаамжтай ОХУ, БНХАУ, Солонгост үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн баллонуудыг нийлүүлдэг тус компани 1-4 тулгатай газын плитка, халаалт авахад хүндхэн байдаг нийтийн заалыг халаах зориулалт бүхий газын халаалтыг үйлдвэрлэдэг байна. Тус компани өнгөрсөн онд Монголд анх удаа 11 давхарт газын холболт хийсэн юм байна.

Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчдийн мөнгөн аяга, зэсэн аяга, арьс ширээр хийсэн цүнх, түрийвч, ноос ноолууран бүтээгдэхүүн, модон эдлэлээр хийсэн эвлүүлдэг тоглоом, газрын зураг, сандал ширээ, морин хуур, эмээл зэрэг монгол үндэсний онцлогийг илэрхийлсэн олон бүтээгдэхүүн үзэсгэлэнд дэлгэгдээд байна. Энэ үеэр Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрынхан “Өнгөрсөн тавдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох “Нийслэлийн ногоон сертификат” олгох журам батлагдсан.

Энэ журмын дагуу аж ахуйн нэгжүүд холбогдох материалаа бүрдүүлж, ногоон сертификатаа аваад байгальд ээлтэй эко олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой болсон гэж мэдэгдэв. Харин Эрчим хүчний зохицуулах хорооныхон “Манай хорооноос ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч, ажиллаж байгаа. 

Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчний дэмжих тариф батлагдсан. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын найман хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Үйлдвэрлэлийн салбарт энэ тоо 2-3 хувьтай байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод 2020 онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20 хувьд хүргэнэ гэсэн том зорилтыг дэвшүүлсэн” гэсэн юм. Форум энэ сарын дөрвөний орой өндөрлөнө.