С.Эрдэнэ: Тэтгэврээ өвлүүлэхийг нь хориглоно гэдэг дэндүү харгис бодлого
2016.09.08

С.Эрдэнэ: Тэтгэврээ өвлүүлэхийг нь хориглоно гэдэг дэндүү харгис бодлого

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Таны санаачилж батлуулсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг энэ Засгийн газар хүчингүй болгохоор ярьж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Сүсэг бишрэлээрээ нас барсан хөгшнийхөө тэтгэврийг авахгүй гэсэн гомдлууд их ирж байгаа” гэх юм. Хамтын тэтгэвэр авахыг хүсэхгүй байхад нь төрөөс мөнгө өгөх гээд байсан хэрэг болж байна уу?

-Сангийн сайдын тайлбарлаж байгаа үндэслэлийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Үнэхээр ахмадуудыг доромжилсон тайлбар өгч байгаад харамссан.

Чиний хувьд аав, ээжийнхээ үлдээж өгсөн үнэт зүйлийг өвлөж авахдаа цээрлэх үү, хэн ч цээрлэхгүй шүү дээ. Монгол хүний ёс заншил, өв соёл, үнэт зүйлийг үгүйсгэсэн, монгол ахмадуудаа доромжлоод сууж байгаа нь үнэхээр хариуцлагагүй байна.

-Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх нэг шалтаг гэж харж байна уу?

-Шалтаг л даа. Ахмад настны нийгмийн хамгааллыг бий болгох маш том хууль. Өнөөдөр эрхзүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргачихаад, тэрийгээ тайлбарлаад сууж байгаа нь туйлын харамсалтай байна.

-Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр Хамтын тэтгэврийн талаар Сангийн сайдтай адилхан зүйл ярьчих шиг боллоо?

-Ерөнхий сайд сонин тайлбар хийсэн. Жишээ нь,хоёр ахмад настны хэн үлдсэн нь илүү орлоготой болох сэдэл өгөөд байгаа юм байх, энэ хууль. Тэгэхээр цаашид хоёр ахмад түрүүлж нэгийгээ үхээсэй, тэгвэл миний орлого нэмэгдэнэ гэсэн сэдлийг өгөөд байгаа учраас энэ хуулийг хүчингүй болгож байгаа гэж байна.

Нэмэгдэхүүний байрыг солиод, нийлбэрийн чанарт өөрчлөлт орохгүй гэдэг математикийн онол бий. Гэтэл хоёр ахмад 200 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэвэл нийлээд 400 мянга болно. Нэг нь бурхан болоод орлого нь буурдаг, тэр хэмжээгээрээ амьдрал нь доройтож, эдийн засгийн хямралд өртдөг.

Ийм нөхцөлд Хамтын тэтгэврийн тухай хуулиар амьд үлдсэн хань ижилд нь тэтгэврийг нь үргэлжлүүлэн олгох юм.

Ингэснээр өрхийн орлогыг бууруулахгүй байх, үлдсэн ахмадыг эдийн засгийн болоод эрхзүйн ямар нэгэн хямралд оруулахгүй байх нийгмийн хамгааллыг бий болгож өгсөн хууль байсан. Ахмадуудын нийгмийн хамгааллыг дордуулсан, буруу алхам боллоо гэж үзэж байна.

-Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан. Мэдээж хуулийг боловсруулах, хэлэлцүүлэх явцад ахмадуудын санаа оноог тусгаж, тодорхой тооцоо судалгаа хийсэн байх. Ахмадууд ер нь хэр хүлээж авч байсан бэ?

-Олон ахмад, олон төрийн бус байгууллага, гадаад дотоодын энэ чиглэлийн мэргэжилтнүүдтэй уулзаж дөрөв, таван жил ноцолдож байж боловсруулсан хууль шүү дээ.

Энэ хууль үнэхээр цаг үеэ олсон чухал хууль байсан. Хамтын тэтгэврийн хууль яагаад заавал хэрэгжих ёстой байсан юм бэ гэхээр өнөөдөр тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмадыг аваад үзэхээр социализмын үед ид хийж бүтээж, хөдөлмөрлөж байсан цаг үе таарсан.

Тэр үед коммунист үзэл суртлаар хувийн өмчтэй байж болохгүй, баялаг хуримтлуулж болохгүй, зөвхөн цалингаас цалингийн хооронд амьдрах ёстой гэсэн уриа лоозонтой байсан.

Өнөөдрийн тэтгэвэрт байгаа ахмадууд тэр үед ямар нэгэн хуримтлал бий болгож чадаагүй. Тэгээд өнөөдөр дахиад тэтгэврээ өвлүүлэхийг нь хүртэл хориглоно гэдэг дэндүү харгис бодлого.

Тэр хүн үхэн үхтлээ ямар нэгэн зүйл өвлүүлж болдоггүй, ямар нэгэн зүйл хуримтлуулж болдоггүй байсаар насыг барж байна. Манай эрх баригчдын хамгийн бүдүүлэг, буруу бодлогын нэг гэж харж байна.

-Хуулийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй биз дээ?

-Дарамт учраад байх юм байхгүй. Сард 110-аад тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж тавьдаг юм. Жилдээ энэ хуулийг хэрэгжүүлэхэд 50 гаруй тэрбум төгрөг л хэрэгтэй. Сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний л мөнгө шаардлагатай.

-Ардчилсан намыг эрх барьж байх үед баталсан хуулиуд, санаачилсан хөтөлбөрүүдийг бүгдийг нь зогсоосон. Үнэхээр хэрэгжүүлж болохгүй хуулиуд, үргэлжлүүлж болохгүй хөтөлбөрүүд байв уу, эсвэл МАН-ынхан улстөр хийж байна уу?

-Түрүүчийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан эдийн засгийг даван туулах маш чухал бодлогуудыг устгаж байгаа юм.

Ингэснээр улс орны эдийн засгийг улам доройтуулж, жинхэнэ элгээр нь хэвтүүлж байна. Эд нар эдийн засгийг сөхрүүлээд, ард нь хууль бус ямар томоохон хуйвалдааныг хийх гэж байгаа юм бэ.

Эдийн засаг үнэхээр уначихлаа, аргаа барсандаа улс орны минь аль нэг үнэтэй, цайтай юмыг худалдах гээд зогсож байхад гайхах юм алга. Тийм л шалтаг хайгаад байна. Монгол Улсын үнэ цэнэтэй зүйлийг зарах, гадныханд өгөх тэр боломжийг бүрдүүлэх гэж улс орны эдийн засгийг зориуд унагаж байна.

Өнгөрсөн дөрвөн жил эдийн засаг хүндрэлтэй байсан. 2012 оноос эхлээд Олон улсын зах зээл дээр ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүн, түүний үнэ цэнэ унаж эхэлсэн. Гэтэл одоо коксжих нүүрсний үнэ харьцангуй өсөж байгаа сайн мэдээ байна.

Ийм цаг үед гэнэт олон улсын зах зээл дээр бүх бүтээгдэхүүний үнэ унаад, гаднаас орох орлого нь хумигдчихсан юм шиг юм яриад байх юм. Угаасаа 2012 оноос хойш хумигдчихсан.

Харин ч 2012 оноос хойш үүнийг даван туулахын тулд нийгмийн эдийн засгийн эрүүл идэвхитэй байдлыг алдахгүйн тулд, Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн газар бүх чадлаараа ажилласан. Сайн хөтөлбөрүүдийн мөнгийг төсөв төлөхгүй шүү дээ. Монголбанкнаас Арилжааны банкуудад зээл олгоод, тэр хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байхгүй юу.

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаад зээл авсан айл 10 жилийн дараа тэр зээлээ буцаагаад төлнө. “Сайн оюутан” таван жилийн дараа зээлээ өөрөө төлнө. Төсөв төлөхгүй байгаа биз дээ.

Төсөвт ямар ч хамааралгүй, эдийн засгийг идэвхижүүлэх, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэсэн бодлогууд байсан. Гэтэл “Сайн хөтөлбөрүүд”-ийг зогсоогоод, түүнээс илүү сайн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэгт итгэхгүй байна. Тэр орон зайг татвараар нөхөх гэж оролдсон байхгүй юу.

-Татвар нэмэх асуудал нь иргэдийн эсэргүүцэл болон хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлтэй тулгараад татаад авчихав уу?

-Татвар нь өөрсдийнх нь дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй зөрчилдсөн. Ийм зүйл байж болохгүй гэсэн нийгмийн маш том эсэргүүцэлтэй тулгарсан. Сөрөг хүчний зүгээс бид мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн. Үүний үр дүнд арга буюу энэ нөхцлөө татлаа. Ний нуугүй хэлэхэд өрөвдмөөр тайлбар хийгээд сууж байна.

Төрийн албан хаагчдын эрхзүйн байдлыг дордуулж байна, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг байхгүй болголоо, хууль бусаар халагдсан тэтгэмжийг байхгүй болголоо, шүүхдээд буцаад албандаа очдог байсан төрийн албан хаагчийн хамгаалалтыг байхгүй болголоо.

Эд нарын оруулж ирж байгаа төсөв дагасан хуулийн өөрчлөлт иргэдийн эрхзүйн байдлыг дордуулсан.

Нийгмийн хамгаалал, төрийн хамгаалалтыг алдагдуулсан байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт тийм зүйл байхгүй шүү дээ.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт онцлоод хэлчихмээр ямар асуудлууд тусгагдсан байна вэ?

-Засгийн газрын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр МАН-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн яг эсрэг хувилбар. Аль нэг улс төрийн хүчин сонгуульд олонхи болвол энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ордог.

Гэтэл Ардын намын мөрийн хөтөлбөр чинь үндсэндээ тус намын байгуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр байхгүй юу. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй.

Хууль бус, бодлогогүй, үндэслэлгүй оруулж ирсэн шийдвэрээ зөвтгөх гэсэн арга ядсан алхамууд хийж байна.

-Татвар нэмэх саналуудаа орон нутгийн сонгуулийн дараа оруулж ирж магадгүй гэсэн яриа байна?

-Магадгүй. Хоёрхон сарын өмнө сонгуульд орохдоо дэвшүүлсэн бодлого мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг зүйл оруулж ирж байгаатай адилхан.

Орон нутгийн сонгуулийн дараа татвар нэмэхгүй бол болохгүй юм байна гээд оруулж ирэхийг үгүйсгэхгүй.

-Татвар нэмэх саналуудаа буцааж татаж байгаа нь улс төрийн шийдвэрээс үүдэлтэй гэж тайлбарлаж байсныг та юу гэж ойлгож байна. Магадгүй орон нутгийн сонгуультай холбогдуулж байна уу?

-Орон нутгийн сонгуульд амжилттай орохын тулд дахиад ард түмнийг хуурах гэж байна. Хууран мэхлэх ажиллагаагаа дахин хийх гэж байна. Тэгж л харж байна даа.