Усны сав газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно
2009.05.08

Усны сав газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эхлэх ёстой цагаасаа 20 минут хоцорч эхэллээ.

Чуулганаар засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Д.Одхүү зэрэг гишүүдийн санаачлан боловсруулсан Усны сав газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.


Чуулганы эхэнд тариалангийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн юм. Уг хуульд тариаланчдаас улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаан буудайн тонн тутамд тухайн жилийн зах зээлийн борлуулалтын дундаж үнийг харгалзан мөнгөн урамшуулал олгох, урамшууллын хэмжээг Засгийн газар тогтоох талаар тусгасан байгаа юм. Нэгдсэн хуралдаанаас энэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж гишүүд зөвшөөрсөн кнопоо дарлаа.

Үүний дараагаар Усны сав газар, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Ашигт малтмалаа ашиглахын зэрэгцээ байгаль эхээ хамгаалах нь нэн чухал асуудал юм. Цэцэглэн хөгжиж буй жижиг уул уурхайгаас усны сав газар, ойн сангаа хамгаалахыг тулд стратегийн чухал ордуудаас бусад ашигт малтмал олборлох, ашиглах лицензийг хурааж, харин лиценз эзэмшигчдэд засгийн газар нөхөн олговор өгөх ёстой хэмээн хууль санаачлагчид үзжээ.Чуулган дээр олонх гишүүд нөхөн олговрын асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал Э.Мөнх-Очир гишүүн лицензийг нь хураачхаар лиценз эзэмшигч хуулийн дагуу шүүхэд хандвал яах вэ? гэж асуусан бол Н.Батбаяр гишүүн нөхөн олговор өглөө гэхэд нөхөн олговорт нийт хичнээн хэмжээний хөрөнгө гарах вэ? гэсэн асуултыг асууж байлаа. Хуулийн төслийн хувьд нарийвчилж тодорхой болгох, бодит тоо баримт гаргах зэрэг олон дутуу асуудал байгааг шүүмжилж байсан ч усны сав газар, ойн сангаа хамгаалах нь яах аргагүй бидний өмнө тулгамдсан чухал асуудал мөн хэмээн үзэж, гишүүд 76,1 хувийн саналаар тус хуулийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.