УИХ-ын эрхэм гишүүд минь!"Битгий далийгаад байгаарай"
УИХ-ын гишүүд
2016.09.07

УИХ-ын эрхэм гишүүд минь!"Битгий далийгаад байгаарай"

Гишүүд оновчтой асуулт асуумаар юм, гишүүдийн асуултад бүрэн хариулт өгмөөр юм.  

9 дүгээр сарын 7-ны чуулганы нэгдсэн хуралдааны эхний хэсгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү нилээн хэдэн асуулт асуусан. Хэлэлцэж буй асуудал нь 2015 онтой холбоотой байхад 2016 оны төсвийн алдагдал, Засгийн газрын ирэх жилүүдэд төлөх бондын болоод компаниудын өрийн талаар асууж байх жишээтэй.

Энэ мэт 6-7 асуулт асуухад Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад ч бүрэн бус хариулж байв. Ингэхдээ УИХ-д оруулж ирсэн гүйцэтгэл, тайлан, дүгнэлтээ энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлахын оронд гишүүдэд тараасан материалаа өөдөөс нь эргүүлэн уншиж өгч байх юм. Энэ бол зөвхөн нэг жишээ. Чуулганы хуралдаанд оролцож буй ажлын хэсгийнхэн гишүүдийн асуултад бэлэн бус, бэлдээгүй жишээ олон байдаг.

Асуудал үүгээр дуусахгүй ээ.
С.Жавхлан ч Л.Гүндалайн халааг авч магадгүй

УИХ-ын дарга ч мөн гишүүн асуулт асууж байхад санал хэллээ гэж хүлээн авч, ажлын хэсгээр хариулт өгүүлэхгүй байх жишээ олон. Тухайлбал, 9 дүгээр сарын 2-ны хуралдаанаар төсвийн тодотгол, түүнтэй холбоотой хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн тухай авч хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан бас асуудлаас “хальтирсан”.

Тэрээр хөрөнгө гэдгийг хүйтэн, хөндий зүйл, чинээлэг гэдэг бол чин элэгтэй хүн гэсэн үг гээд УИХ-ын гишүүн, Сангийн сайдаас "Та чинээлэг хүн. Тийм учраас өөртөө байгаа хөрөнгөөрөө сургууль, эмнэлэг барьж чадах уу?" гэж асуулаа. Үүнийг УИХ-ын дарга санал хэллээ гэж үзээд микрофоноо Б.Чойжилсүрэнд шилжүүлсэнгүй.

С.Жавхлан ч өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байж, ертөнцийг үзэх үзэл, амьдралын ухаанаа чуулганы танхимд чөлөөтэй илэрхийлсээр байх болно гэдгээ мэдэгдсэн. Тиймдээ ч хотын төвдөө бөөгнөрөн залхуурч суух биш тал нутагтаа гарч бүх нийтээрээ мал маллахыг уриалаад авсан.

...Энэ мэт хэлэлцэж буй асуудлын гол руу орохгүй байсаар үг хэлэх, асуулт асуух, нэмэлт 1 минут нийлсэн 4 минут нь дуусчих тохиолдол бишгүй. 4 минут гэдэг бага хугацаа биш. Гишүүд өөрт нь олгосон 4 минутыг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Та бүхэн чинь улс эх орны хөгжлийн асуудал хэлэлцэн, шийдвэрлэж байгаа шүү дээ...
"Аргаа барав" гэдэг үг өдөрт амнаас нь 10 удаа гарч байх шиг 

УИХ-д сөрөг хүчний статустай сууж буй намын төлөөлөл УИХ-ын гишүүн Л.Болд юм л бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярьдаг. Үг хэлж, асуулт асуух бүртээ энэ талаар бага ч гэсэн цухуйлгаад л авдаг. Ямар сайндаа л өөрийгөө МАН-ын мөрийн хөтөлбөрийн хамгийн сайн судлаач гэж нэрлэхэв дээ.

Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “аргаа барсан арга хэмжээ”, “аргагүйн эрхэнд”, “ингэхээс өөр арга байсангүй” гэсэн үгийг олонтаа давтах болсон. Түүний царайнаас аргаа барсан байдал ч тод харагддаг. Түүнийг гишүүдийн асуултад тийм ч оновчтой, товч тодорхой хариулдаг гэж хэлэхээргүй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 150м квадратаас дээш талбайтай орон сууц эзэмшдэг айл өрх үнэндээ жилд 4 сая 500 мянган төгрөг төлөхөөр байна. Сангийн яам яаж тооцохоороо жилийн 450 мянга төгрөгийн татвар төлнө гэж гишүүдийг тайвшруулаад байна? гэж асуусан. Гэтэл энэ асуултаас Б.Чойжилсүрэн мултсан. Гишүүний асуусан гол асуултад хариулахыг УИХ-ын дарга шаардахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн түгтчин, гацан байж, үндэслэл муутайхан хариу өглөө.

Энэ мэтчилэн хэлэлцэж буй гол асуудлынхаа хүрээнд асуулт асуудаггүй нэг хэсэг гишүүн байхад хариулт нь оновчгүй, итгэл үнэмшил багатай байх тохиолдол ч цөөнгүй. Тиймээс УИХ-ын эрхэм гишүүд минь, “БИТГИЙ ДАЛИЙГААД БАЙГААРАЙ”!!!

Та бүхэн чуулган дээр юу ч ярьж, ямар ч асуулт асууж болох байх л даа. Гэхдээ энэ чинь төрийн ажил, Монгол Улсын хөгжлийн тухай ярьж байна шүү дээ. Хэлсэн үг бүхэн чинь хадгалагдаж байгаа. Олон нийтийн анхаарлын төвд байна. Цагаа хий дэмий битгий үр. Ажил хэрэгч, шуурхай ажилламаар байна. Өмнөх ч бай, одоогийн ч бай УИХ-ын гишүүд та нар ямар Монгол Улсыг "царцаагсад уу?"