Орон нутгийн сонгуулийн зардлыг байнгын хороо дэмжлээ
2016.08.26

Орон нутгийн сонгуулийн зардлыг байнгын хороо дэмжлээ

 УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн зардлын талаарх санал, холбогдох тооцоог боловсруулан Улсын Их Хуралд ирүүлжээ.

Уг тогтоолын төсөлд Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөгөөр тогтоохоор тусгажээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны төсөвт сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал 6.6 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд уг сонгуулийг явуулахад 7.3 тэрбум төгрөгийн зардал дутагдаж байгаа аж.

Үүнээс 1.5 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн хэмнэгдсэн зардлаас, мөн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүрэгт хуваарилагдсан орон нутгийн сонгуулийн зардал болох 5.8 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор Сонгуулийн Ерөнхий Хорооны төсөвт шилжүүлэн тусгах замаар шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нар асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа.

Үе үеийн сонгуулийн үеийн зардлыг харьцуулсан судалгаа бий эсэхийг тодруулж, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын бүртгэлтэй холбоотой гомдол олон гарч байсан тул Сонгуулийн Ерөнхий Хороо энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах талаар сонирхов.

Ажлын хэсэг, Сонгуулийн Ерөнхий хорооны зүгээс сонгууль, сонгуулийн хооронд зардал хэмнэх арга хэмжээг авч ажилладаг. Гэхдээ саналын хуудас хэвлэх, сонгогчдод хүргүүлэх тараах материалаа хэвлэх цаасаа гадаадаас авдаг.

Энэ мэт импортын худалдан авалттай холбоотойгоор валютын ханшийн өсөлт нь сонгуулийн зардлын төсвийн нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан юм.

Түүнчлэн Мөн саналын хуудас, төхөөрөмж хүргүүлэх гээд тээвэрлэлтийн зардал шатхууны үнийн өсөлттэй холбоотойгоор өмнөх сонгуулийн үеийн зардлаас өндөр гарч байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо зардлыг боломжит хувилбараа хэмнэх арга хэмжээ авч ажиллаж байгааг онцолж байв.

Харин сонгогчдын бүртгэлийн асуудлаар тус байгууллага ямар нэг үүрэг хүлээдэггүй бөгөөд иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад  гишүүд 92.3 хувийн саналаар дэмжив.