ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс Монголынхоо нийт хүүхэд багачуудад илгээсэн мэндчилгээ
Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая!
Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тохиодог Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийг манай улсын хувьд хүүхэд, гэр бүлийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчилж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн баталж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог баталгаажуулсан сайхан мэдээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус хуулиудыг баталснаар Монгол Улс хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг бүх орчинд хуулиараа хориглосон дэлхийн 49 дэх орон, Ази тивийн 3 дахь, Зүүн болон Зүүн өмнөд Азийн анхны орон боллоо.
Төр, засгийн зүгээс ч хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзсэн.
Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг зөв монгол хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай, гэрэл гэгээ дүүрэн байх учиртай. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал.
Төр, засгийн зүгээс ч хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь авч үзсэн.
Бид хүүхдийн өмнө учирч буй аливаа эрсдлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог хангах зорилгоор “Бид оролцъё, хөгжье” хүүхдийн үндэсний чуулганыг Монголын Хүүхдийн ордонд 2 удаа амжилттай зохион байгуулж, “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар үүрэг хүлээгчдийн хариуцлага” Улсын зөвлөгөөнийг Төрийн ордонд тус тус зохион байгуулж, шинээр батлагдсан хуулиудад тусгаж чадлаа.
“Хүүхдийн эрхийн тухай хууль” болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахдаа монголчуудын уламжлал харгалзан “гэр бүл төвтэй” хандлагыг баримталж хүүхдийн эрх, журамт үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлсон.
Үүний дагуу хүүхэд аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйг хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн язгуур эрх, эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр оролцох нөхцлийг хууль зүй үндэслэл, тогтолцооны хувьд бий болгох, хүүхдэд үзүүлэ үйлчилгээний төрөл, уг үйлчилгээг мэргэжлийн түвшин, төрөөс гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн санаат иргэн, гэр бүлүүд үзүүлж болох концепциор хуулийн төслийг боловсруулсан.
Гол үр дүн:
» Хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.
» Хүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах улсын байцаагчтай боллоо.
» Хуулъ зөрчсөн болон гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдэд Хүүхдийн эрхийн хуулъ зүйн хороо туслана.
» Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хяналт тавих үүргийг төрийг төлөөлж нутаг дэвсгэртээ Засаг дарга хэрэгжүүлнэ.
» Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийн хэмжээнд Хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батална.
» Хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэр нийгмийн бүх орчинд хуулиар хориглогдлоо.
» Хүүхдийн дотны зөвлөгч, туслагч “108" утас 24 цагаар үнэ төлбөргүй ажиллана.
Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайлбал боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, худалдаа үйлчилгээ, олон нийтийн газар дахь хүүхэд хамгааллын асуудлыг тусгаж, эрх зүйн зохицуулалт хийгдсэн
» Сум, хорооны түвшинд эрх нъ зөрчигдсөн хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргах, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий хамтарсан баг ажиллана. » Хамтарсан багт хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ажилтан, өрхийн эмч, цагдаагийн ажилтны бүрэлдэхүүнтэй хамтарсан багийг сум, хорооны Засаг даргын захирамжаар байгуулан ажиллана.
» Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага ... сайжирна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцох болно.
» Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайлбал боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд, худалдаа үйлчилгээ, олон нийтийн газар дахь хүүхэд хамгааллын асуудлыг тусгаж, эрх зүйн зохицуулалт хийгдсэн. Жнь : Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар тогтмол зохион байгуулах, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах, зөв мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх асуудлыг оруулж өгсөн.
Монгол улсын нийт өрх гэр бүл, хүүхэд багачууд та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дахин дэвшүүлье.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Удирдахуйн ухааны доктор С.Эрдэнэ