Тариаланчид зах зээлийнхээ жамаар явах боломжтой
2016.04.27

Тариаланчид зах зээлийнхээ жамаар явах боломжтой

Тариаланчид ургацын 80 хувиа алдсан ч Засгийн газар зээл олгохоос өөр ажил хийгээгүй гэж үзэж байна.

Гэвч, өгнө гэсэн зээлээ хүртэл өгөхгүй байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад зээлээ авъя гэх аман шаардлага тавиад байгаа юм. Мөн тэд арилжааны банкны зээлийн шалгуурыг давж чадахгүй байгаа тул нөхцөлийг зөөлрүүлэх эсэх асуудалд харьяа яам нь дэмжлэг үзүүлэх ёстой гэж ярьж байна. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай уулзаж, тодрууллаа.      

-Тариалан эрхлэгчид уржигдраас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны үүд сахиж, таныг хайгаад эрэл сурал болж байна?  

 -“Монголын газар тариалан” холбоо ч гэдэг юм уу, зарим нэг тариаланчид эсэргүүцэл зарлаад, яаман дээр суулт хийж байна. Би очиж уулзсан л даа. Яаралтай зээл олго, ингэхдээ хэнд зээл өгөхийг нь бид шийднэ гэсэн шаардлага тавьж байна. Энэ асуудлыг би шийддэг юм биш шүү дээ. Ном дүрмийнхээ дагуу л явах ёстой. Хэн нэг тариаланчийн нэрийг ашиглаж дарамт шахалт хийж явдаг нөхдүүд зээл олгох комиссын гишүүн болчихоод хэнд зээл олгохыг шийднэ гэж байгаа бол “тийм зүйл байхгүй шүү” гэж хэлмээр байна.

-Тариаланчдын асуудал жил бүрийн өдийд сөхөгдөг нь ёс юм шиг болчихлоо. Таныг энэ салбар зах зээлийнхээ дүрмээр явах ёстой гэж хэлснээс хойш бүр жил тойрон тэмцэл өрнөж байх шиг байна. Зах зээлийнхээ жамаар явах боломж бүрдсэн үү?

-Тариалангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар зах зээлийнхээ зарчмаар газар тариалан эрхлээд явах бүрэн боломжтой болсон. 

-Тухайлбал, ямар асуудал шийдэгдсэн бэ. Банкнаас зээл авъя гэхээр зээлийн шалгуур болзол давж чадахгүй байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ асуудлыг шийд гээд төр засагтай зууралдсан хэвээрээ л байх юм. 

-Төрийн өмчит газрыг эзэмших эрх өмнө нь 15 жил байсан бол одоо 40-с доошгүй жил эзэмших эрх зүйн боломжтой болсон. Өөрийн нэр дээр ийм удаан хугацаагаар газар эзэмшиж байгаа тул хувийн хариуцлага, ухамсар нь дээшлэх байх гэж бодож байна. Жишээ нь, 40 жил нэг газар эзэмшинэ гэвэл, миний хүүхэд ч энэ газрыг цаашид эзэмших юм байна гэж бодоод хөрсөө бордох, хэвийн байлгах, хөрсөнд ээлжтэй тоног төхөөрөмж ашиглах зэргээр өөриймсөг хандах байх. 
Мөн газрын гэрчилгээг барьцаалж, зээл авах боломжтой болсон. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эльваторуудыг баталгаат агуулах болгож ашиглах боломж ч гэсэн хуульд орсон байгаа. Ингэснээр баталгаат агуулахад хадгалсан улаанбуудайгаа барьцаалж зээл авч болно. Мөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан гурил үйлдвэрлэгчтэй хийсэн гэрээг үндэслэн, намар хурааж авах ургацаараа барьцаалан зээл авах боломжтой. Энэ мэт зах зээлийн олон боломжийг хуулиар нээж өгсөн. 

-40 жил нэг газрыг ашиглана гэвэл гамтай эдлэх шаардлага зүй ёсоор урган гарах нь. Гэхдээ энэ урт хугацаанд бас хайхрамжгүй байх ч талтай. Засгийн газар өөрөө ямар нэг болзол тавьж байгаа юу. Ер нь, тариаланд ашиглаж байгаа газрууд ямар хэмжээнд байдаг юм бол?

-Мэдээж төрийн өмчит газрыг ашиглаж байгаа бол зарим нэг шаардлага зүй ёсоор тавигдана. Энэ нь, хөрсний чанарыг муутгахгүй байх, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах, технологи мөрдөх, Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн үр ашиглах зэрэг энгийн шаардлагууд бий. Иймэрхүү шаардлага тавихгүй бол хөрсний доройтол их байгаа юм.
Жишээ нь, 2014 онд тушаасан улаанбуудайн цавуулгийн хэмжээ бага тул өндөр цавуулагтай буудай гадаадаас авч, хольж байж дундаж цавуулгатай улаанбуудай болгож байсан. Ингэж байж, гурил хийж, талх идэж байгаа шүү дээ. Харин шалтгаан нь юу байна, гээд судлаад үзэхээр хөрсний доройтлоос болсон юм. Нийт тариалангийн газар нутгийн 2/3 нь хөрсний доройтолд орчихсон байсан. Бордоо зохих ёсоор хэрэглэхгүй зэрэг шалтгаанаас хөрсний доройтол үүдэж байсан. Зохих ёсоор хэрэглэх бордооны 1.7 хувийг л хэрэглэдэг байсан байна. Гэтэл ганд тэсвэртэй үрээр тариалан хийгээд, уриншаа чанартай хийсэн аж ахуйн нэгжүүд ганд бага нэрвэгдсэн байгаа юм. Тиймээс тариаланчдынхаа хөрсийг бордоход нь хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлмэл бордоо нийлүүлж байна. Мэдээж, газар тариалан эрхэлж байгаа хувь хүн аж ахуйн нэгж бүгд бордоо авч чадахгүй гэдэг. Мөн өндөр үнэтэй буюу 1200 төгрөг байсан гэх шалтгаанаар бордоо авч чадахгүй байсан бол одоо 400 төгрөгөөр зарж байгаа. 65 хувийн хөнгөлөлтэй нийлүүлж байгаа тул байдал сайжрах байх. 

-Засгийн газраас тариа­­ланч­­дад өгч буй урам­шуулал их л дээ. Цаашид мөнгөн дэмжлэг хэвээр байсаар байх уу?

-Улаанбуудайн тушаасан тонн тутамд урамшуулал олгоно гэж байсан бол одоо мөнгөн ба мөнгөн бус гэж ангилж байгаа юм. Энэ нь яах вэ, гэхээр хөрсөндөө ээлтэй тоног төхөөрөмж хэрэглэхэд нь зориулаад гааль, НӨАТ зэрэг татвараас чөлөөлж өгөх юм. Үүнээс гадна, усалгаатай тоног төхөөрөмж хэрэглэх юм бол татвараас чөлөөлж байгаа. Гадаргын усыг ч гэсэн тариаландаа ашиглаж байгаа бол усны татвар гэж авахгүй байхаар болсон. Энэ мэт дэмжлэг үзүүлж байна.