Илүү мөнгө нэхэх, эсрэг талд үйлчилж байна гэсэн гомдлууд ирдэг
2016.04.15

Илүү мөнгө нэхэх, эсрэг талд үйлчилж байна гэсэн гомдлууд ирдэг

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хянан шийдвэрлэдэг.

Тус хороо нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн байдалд Хуульчдын холбооны хүсэлтээр дүгнэлт гаргах, хуульч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийг зөрчсөн эсэх болон Хуульчийн мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг гомдлын дагуу хянан шийдвэрлэдэг байна.

Мэргэжлийн хариуцлагын хороо нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд, иргэд байгууллагаас өмгөөлөгчидтэй холбогдуулан ирүүлсэн 330 гомдол, мэдээллийг хянаж, үүнээс 178 гомдолд маргаан үүсгэхээс татгалзаж, 127 гомдолд маргаан үүсгэн хянан шалгасан байна.

Өмгөөлөгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд 16 сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан этгээдээс гомдол гаргасан бол бусад гомдлыг  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн ар гэрийнхэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг талын оролцогчид түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгж, шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар болон хөндлөнгийн иргэд гаргасан байна.

Өмгөөлөгчид холбогдуулан гаргаж байгаа гомдлын  агуулгыг авч үзэхэд,
-Хууль зүйн туслалцаа үзүүлээгүй буюу зохих ёсоор үзүүлээгүй
-Ам хэлээр доромжилдог, загнадаг
-Ажлын хөлснөөс гадна илүү мөнгө үйлчилгээ шаарддаг
- Худал мэдүүлэхийг зөвлөдөг
-Эсрэг талд үйлчилдэг
-Цагдан хорих байрны дотоод журам зөрчсөн
- Шүүх хуралдаанд ирдэггүй
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийдэг асуудлаар болон өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн зардлаа буцааж авах хүсэлт дийлэнх нь байна.

Өмгөөлөгчөө сонгох, хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ асуудлаар бусад байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байсан эсэхийг тодруулахад 456 хоригдогч хариулсны 51 нь буюу 11.2 хувь нь “тийм” гэж хариулжээ. Тэднээс аль байгууллагад хандсаныг судалж үзэхэд Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв, Хүний эрхийн Үндэсний Комисст, УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ханджээ.

Хүний салшгүй эрхийг хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорьж мөрдөх ажиллагаа нь гарцаагүй тохиолдолд хэрэгжүүлэх эцсийн арга хэрэгсэл бөгөөд түүнийг хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг байх нөхцөлийг холбогдох хууль тогтоомжоор бүрдүүлж, хангадаг байх шаардлагатай юм.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л үе шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг зөрчихгүй байх, хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдахгүй байх, гэм буруугүй хүний эрх, эрх чөлөөнд халдан баривчлах, цагдан хорихгүй байх, улмаар хилсээр ял шийтгэл хүлээлгэхгүй байх нэг чухал нөхцөл нь өмгөөлөгчийн оролцоо байдаг.

Судалгаанд оролцсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчидтэй хийсэн ярилцлагын үеэр тэд өмгөөлөгчдөөсөө дараах зүйлийг хүсдэг.

-Өмгөөлөгчид үйлчлүүлэгчээ хүндлэх, харилцан ойлголцох,

- Үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах,

- Хэргийн зүйлчлэл болон төлбөрийн чадваргүй байгаагаас хамаарч ялгаварлан гадуурхахгүй байх

-Үйлчилгээний хөлсөө тооцох аргачлал, нөхцөлөө ямар нэгэн хоёрдмол ойлголтгүйгээр харилцан тохиролцох

- Хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг олон нийт хүсдэг.

Гэвч үйлчлүүлэгчдээ худал амлалт өгч хуурах, хууль зүйн туслалцааны үйлчилгээгээ хангалттай гүйцэтгээгүй байж дахин хөлс шаардаж, дарамт үүсгэдэг, шүүх хуралд ирэхгүй чирэгдүүлдэг зэрэг асуудлаар гомдол гарч байна.

Иймээс өмгөөлөгч ажил үүрэгтээ хайхрамжгүй хандан, үйлчлүүлэгчээ үл хүндэтгэн, ялгаварлан гадуурхаж байгаа үйлдлийг таслан зогсоох, энэ төрлийн зөрчил гаргахгүй байх, түүнчлэн өмгөөлөгчийн ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд тодорхой ажлууд зохион байгуулах шаардлагатай байна.

Судалгааны үр дүнг дүгнэж, цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, өмгөөлөгчийн эрх үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах асуудалд анхаарах шаардлагатай байна.

- Анх хэрэгт холбогдсон үеэс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдах нөхцөлийг бүрдүүлэхэд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид онцгойлон анхаарах шаардлагатай байна. Ялангуяа прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа хууль зүйн туслалцаа авах эрхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрхэн хангаж байгаад тавих хяналтаа сайжруулах;

- Хууль зүйн туслалцааны төв, Монголын Хуульчдын холбоогоор дамжуулан төлбөрийн чадваргүй иргэдэд улсын болон хувийн өмгөөлөгчийг оролцуулахдаа тэдний сонголтыг заавал анхаарч үздэг болох;

- Хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон цагаас эхлэн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ өмгөөллийн үйлчилгээний хөлс, түүнийг тооцох аргачлалыг гэрээндээ тодорхой зааж, үйлчлүүлэгчээсээ хөлс авсан тухай бүрт баримт олгож хэвших;

- Өмгөөлөгчид хууль зүйн туслалцааны үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үйлчлүүлэгчээсээ хууль бус хөлс шаардсан тохиолдлыг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэж хэвших;

- Өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байнга холбоотой байж, тогтмол мэдээллээр хангаж ажиллах;

- Мэргэжлийн байгууллага өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа талаар мониторинг хийх;

- Мэргэжлийн ёс зүйгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа өмгөөлөгчийн талаарх гомдлыг холбогдох байгууллагын зүгээс шуурхай хүлээн авч шийдвэрлэдэг байх;

- Өмгөөлөгч, улсын яллагч хэд хэдэн хэрэгт давхар ажиллаж байгаа тохиолдолд шүүх хуралдааны товыг давхардуулахгүй байх үүднээс бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

- Шүүхийн зүгээс тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй өмгөөлөгчид хариуцлага тооцох саналыг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд тавьж шийдвэрлүүлэх;

- Мэргэжлийн байгууллагын сургалтын чанарыг сайжруулах, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйгүй ажилласан өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж олон нийтэд мэдээллэх;