Малчдад НҮБ-аас тусламж илгээжээ
2016.04.12

Малчдад НҮБ-аас тусламж илгээжээ

Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас малчдад хаягласан тусламжийн зүйлсийг өчигдөр ОБЕГ-т гардууллаа.

Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /СЕРР/”- гаас 2.4 сая ам.доллар босгож, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан хүнс, хоол тэжээл, ариун цэвэр, эрүүл ахуйн барааг тэд илгээсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зуданд өртөж, өвлийг зутруухан давсан. Үүнээс 100-аас доош тооны малтай 11  800 өрхийн хаваржилтын байдал хүнд хэвээр байгаа аж. Тиймээс хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд НҮБ-ын дээрх тусламжийг хүргэх юм байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас ЭМСЯ, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн дээрх сумдад байгаа зургаан сартайгаас дөрвөн нас есөн сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байгаа аж. Уг бэлдмэлд 10 төрлийн амин дэм, таван төрлийн эрдэс бодис агуулсан бөгөөд хоол тэжээлийн дутагдалд орохоос урьдчилан сэргийлдэг байна. Түүнчлэн дээрх сумын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутал илрүүлэх үзлэг явуулж, хоёроос доош настай хүүхэдтэй эцэг, эх болон жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхөд хоол тэжээлийн зөвлөгөө өгөхөөр болжээ.