Ж.Батсуурь ба бусад
Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тойрог тойрогтоо тодорсоор байна.
Зарим нь ч нэр дэвшигчийн мандатаа албан ёсоор аваагүй байгаагаас бус намаа төлөөлөн өрсөлдөх нь тодорхой болжээ. Саяхан Ерөнхий сайд ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудад өргөмжлөл гардуулсан. Шилдэг аймаг өргөмжлөлийг сүхбаатарчууд 4 дэх удаагаа хүртэж байна. Өнгөрсөн найман жилд Ж.Батсуурь Засаг даргаар ажилласан хугацаандаа Сүхбаатарыг тэргүүний жишиг аймгийн хэмжээнд хөгжүүлж чадсан.
Тиймээс энэ удаад сонгуульд нэр дэвшихэд түүнтэй арсалдах эрхэм АН-д байхгүй. Өмнөх 2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших нөхцөл бүрдсэн байсан хэдий ч Зам тээврийн сайд М.Зоригт намдаа нөлөө бүхий тул түүний өмнүүр хөндөлссөн. Өнгөрсөн сонгуулиар М.Зоригт гишүүнийг ялалт байгуулахад Ж.Батсуурийн нөлөө ч байсан гэдэг. Хөгжлөөрөө хоцрогдсон Сүхбаатар аймагт барилгажилт, дэд бүтэц тавьж, бүтээн байгуулалт өрнүүлж чадсан шилдэг жишээг АН-ын удирдлагууд ч өөрсдөдөө татан дурддаг. Харин энэ удаад М.Зоригт гишүүн Сүхбаатартаа дахин нэр дэвших санаархал байвч намаасаа дэмжлэг авахгүй нь тодорхой болсон. АН ч Ж.Батсуурьт Сүхбаатарын мандатыг өгнө.
УИХ-ын сонгуулиар АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөх эрхмээр Ж.Батсуурь баараггүй тодроод байгаа аж. Ер нь бусад улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн хувьд Ж.Батсуурь хүчтэй өрсөлдөгч. Тиймээс ч түүнтэй эн зэрэгцэх өрсөлдөгчийг Сүхбаатарт гаргаж ирэхээр намуудын дотор ч хүчтэй яригдаж байгаа сэдэв.
МАН-аас Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Жавхланг анх ажлаа хүлээлгэн өгөхөд Сүхбаатар аймагт нэр дэвших гэж байсан боловч эдүгээ Дархан-Уул аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа сурагтай. Тиймээс тус аймгаас хоёронтоо УИХ-д сонгогдож, өмнөх сонгуулиар өвдөг шороодсон УИХ-ын экс гишүүн Р.Будыг МАН-аас нэр дэвшүүлэх магадлалтай байна.
Харин МАХН-аас УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улааныг нэр дэвшүүлэх сураг байна. Ч.Улаан гишүүн хувьд өмнө нь Сүхбаатар аймаг өөрийн нь тойрог байсан үе бий. Гэхдээ МАХН бусадтай эвсэл байгуулан оролцвол тус аймагт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Сүхбаатар аймгийн МУНН-ын дарга М.Ариунбат нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаглал байна.
Ирэх сонгуулиар зарим нам их эвсэл болон өрсөлдөхөөр яригдаж байгаа. Ямартай ч одоогийн байдлаар Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөх эрхмүүд, аль нам эвсэл байсан “Ж.Батсуурь ба бусад” гэсэн өнгөтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын рейтинг өндөр явна. Өрсөлдөгч хэн ч байсан басч болохгүй гэдэг. Дээр нь АН-ын дотоод зөрчил, хагарал энэ эрчээрээ үргэлжвэл намаасаа нэр дэвшигчийн рейтинг ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ер нь ч ирэх сонгуулиар хэнийг төрд элчээ болгон илгээх нь наран мандах нутгийнхны сонголт л доо.