“Зорилтот бүлэг”-т л зовлон бэрхшээл байдаг
“Зорилтот бүлэг”-т л зовлон бэрхшээл байдаг
2016.03.15

“Зорилтот бүлэг”-т л зовлон бэрхшээл байдаг

“Эрүүл атлаа өрх толгойлсон ээжүүд нулимсаа дуслуулан ярьж байхад бид энэ байтугай дуугарах ёстой” хэмээн хөгжлийн бэрхшээлтэй ээж Б.Даваасүрэн Төрийн ордонд болсон Өрх толгойлсон эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт хэлсэн юм.

Тэрээр 10 жилийн өмнө нөхөр нь орхиж явснаас хойш ганцаараа хүүхдээ өсгөжээ. Ингэхдээ хөгжлИйн бэрх-шээлтэй иргэдэд үзүүлдэг 126 мянган төгрөгөөрөө л болгосон гэх. Халамжийн тухай хуулиар өрх толгойлсон гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжид жилдээ нэг олгодог 120 мянган төгрөг ч түүнд хүртээлгүй. Учир нь тэр нэг хүүхэдтэй. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй. Түүний яриаг сонсоод мөнөөх нийгмийн халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх улстөрчдийн яриа хаана биеллээ олсон юм бол гэж бодогдов. Албаныхны хэлдгээр зорилтот бүлгийг тодорхойлох шалгуурт нь асуудал байна уу? Ямартай ч ганцаар үр хүүхдээ өсгөж яваа ээж, аавуудад зорилтот халамж очдоггүйг эндээс ойлгов.

Тиймээс тэд халамж шаардлагатай “зорилтот бүлэг” бодох өөрсдийнх нь төлөө хууль санаачилж буй УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, түүнтэц хамтарсан М.Энхболд, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, А.Тлейхан нарын гишүүдэд маш их баярлаж байгаагаа хэлсэн.

Амьдралд тохиох түмэн бэрхшээл, мянган саадыг даваад хүн сайхан амьдрахыг л хүсдэг. Сайхан амьдралын салшгүй нэг хэсэг бол сайн хань ижилтэй байх, үр хүүхдээ хамтдаа өсгөх билээ. Харамсалтай нь одоогоор ийм боломжгүй 80 гаруй мянган өрх буюу өрх толгойлсон эмэгтэй Монголд байна. Ганцаараа үр хүүхдээ өсгөж байгаа аав долоон мянгад хүрчээ. Эд нийт өрхийн 10 хувь юм. Эдний 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхэдтэй. Гэр бүл салалтаас, аль нэг нь амьдралд алдаж эндсэнээс, нас барснаас, хэн нэгэнтэй амьдрах суух гээд бүтэлгүйтэн хүүхдээ тэврэн хоцорсон гээд олон шалтгаан эдний ард бий.

Ямар учир шалтгаантай байлаач зовлон, бэрхшээлээс нь хуваалцаж төрөөс тусгайлан харж үздэг жишээ гаднын олон оронд байдаг аж. Тухайлбал, Филиппин улсад Ганц бие эцэг, эхийн халамжийн тухай (Solo Parent's Welfare act) хууль 2000 онд батлагджээ. Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд тусгайлсан карт олгож, түүгээрээ хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авдаг гэнэ. Өрхийн амьжиргааг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэхэд хөнгөлөлт үзүүлэх, нийгэм, сэтгэл зүйн болон боловсрол, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх, орон байраар хангах зэрэг олон хэлбэрээр төр нь тэднийгээ халамжилдаг юм байна. Гэхдээ ялгаатай.

Боломжийн орлоготой өрх толгойлсон ээж, аав бол уян хатан ажлын цаг, эцэг, эхэд зориулсан тодорхой хугацааны чөлөө гэх мэт боломж эдэлнэ. Харин орлого хомс, ядуу бол халамжийн цогц үйлчилгээнд хамруулдаг байна. Бусад АНУ, ОХУ, Солонгос гээд олон оронд ийм хууль хэрэгждэг бөгөөд халамжийг яг зорилтот хэсэгтээ хандуулах бусдын туршлага, өрх бүлийн 10 хувийг эзлэх өрх толгойлсон хүмүүсийн хэрэгцээн дээрээс манай хууль тогтоогчид энэ хуулийг санаачилжээ.

Түүнээс хэдхэн хүнд мөнгө өгөх гэсэндээ, эсвэл гэр бүлийг салгах гэж ийм хууль санаачлаагүй нь тодорхой. Монголд анх удаа шинээр бий болох гэж буй хуулийн агуулга Филиппиний хуультай ойролцоо.Мөн бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд сард 192 мянган төгрөг өгөх заалт туссан. Эцэг, эх хоёул 0-2 насны хүүхдээ харах, асрах гэж бөөн юм болдгийг манайхан бүгд мэднэ. Гэтэл ганцаараа хүн ажлаа хиймээр, амьд-ралаа бодмоор, хүүхдээ өсгөмөөр...Яг амьдрал дээрх хэцүү бэрхшээлийг олж харж чадсанаараа үнэхээр хэрэгтэй хууль санагдаад байгаа юм. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд “гэр бүлийг салгах хууль” гээд хэлчихсэн. Амьдралд алаг эрээн зүйл олон ч ажилтай, орлоготой хүн сарын 192 мянган төгрөгний төлөө аз жаргалаа бусниулах уу. Яаж ч ийм байж боломгүй юм бодож олдог юм. Бодвол сонгуулийн өмнөх “солиорол” байх.

“Эмэгтэй хүн байж ийм хууль санаачлаад байх даа яахав дээ” гэж улстөрийн хүрээний зарим эмэгтэй хэлж байх юм гэнэ. Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө, эрх нь зөрчигдсөн мөнөөх “зорилтот” гээд байгаа хүмүүс рүү л төрийн бодлогыг чиглүүлэх гэж эмэгтэй улстөрчдийг олноор бий болгоё гээд байгаа юм шүү дээ. “Өрх толгойлсон эх гэдэг нь нөхөр, гэр бүлийн хүнтэйгээ хамт амьдардаггүй, хүүхдээ (эсвэл хүүхдүүдээ) өсгөж, тэжээж, хүмүүжүүлэх, өдөр тутмын хариуцлагатай ээж хүнийг хэлнэ” хэмээх тодорхойлолт байна. Гэр бүл саллаа гэхэд хүүхдээ ихэвчлэн ээжүүд өсгөн хүмүүжүүлдэг. 80 мянга ба долоон мянгын харьцааг анзаарсанбизээ. Иймолон эмэгтэйчүүдийнхээ төлөө, тэдний мянга мянган хүүхдүүдийн ирээдүйн төлөө эмэгтэй сэтгүүлчдээ энэ хуулийн төслийг дэм-жиж ажиллахыг уриалья. Зорилтот бүлэгт л зовлон, бэрхшээл байдаг. Түүнээс хавтгайрсан халамж хэрэггүй.