Су.Батболд гишүүн Парламентын бүлгийн даргын ажлаа амжуулж явна
Улсын Их Хурлын ээлжит чуулган завсарлаж, гишүүд хөдөө, гадаад, нутаг ус, найр, наадам хэсэн амарч байхад УИХ-ын гишүүн Су.Батболд амрах ч завгүй Төрийн ордон руу гүйдэлтэй байгаа гэнэ.
Тэрбээр УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргын хувиар Япон Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Т.Кидокоро болон Иточу корпорацийн дэд Ерөнхийлөгч Ёичи Кобаяши, Сумитомо, Марубени, Сожиц корпорациудын холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзжээ.
Мөн саяхан Япон Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Ш.Сугияама бусад төлөөлөгчидийн хамт эрхэм гишүүнтэй албан уулзалт хийсэн байна. Дээрх уулзалтуудаар Япон-Монголын найрсаг харилцааг улам бэхжүүлж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эмзэг давхаргад хэрэгжүүлдэг буцалтгүй тусламжуудын хэмжээг багасгахгүй байх талаар болон хоёр орны хоорондох стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх арга замын талаар ярилцсан байна.
Мөн түүний урилгаар Япон Улсын парламентын гишүүн Кога долоо хоногийн айлчлал хийгээд буцсан бөгөөд айлчалын хугацаандаа найрамдал, хамтын ажиллагааны хэд хэдэн арга хэмжээнд оролцсон байна.
УИХ-ын чуулган эхлэхээр байнгын хороод, ажлын хэсгүүдийн хурал гээд зав гардаггүй Су.Батболд гишүүн завсарлагааны хугацааг ашиглан парламентын бүлгийн даргийн ажлаа ч сайн хийж байгаа бололтой.