Монгол, Чехийн ЗГ хоорондын комиссын хуралдаан боллоо
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо болов.
Хуралдааныг Монголын талаас Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Чехийн талаас тус улсын Үйлдвэр, худалдааны дэд сайд В.Баартл нар даргалав.
Хуралдааны үеэр талууд улс төр, батлан хамгаалах болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын зэрэгцээ олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцав. Мөн бусад салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар өргөн хүрээтэй хэлэлцээ өрнүүлэв.
Тус комиссын хуралдаан нь хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм бөгөөд энэхүү зургаадугаар хуралдаан хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх юм.
Хурлын үеэр Монгол, Чехийн бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд тус уулзалтад Монгол, Чехийн нийт 80 гаруй хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.