III салбар хуралдаан болж өндөрлөлөө
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд
2015.09.17

III салбар хуралдаан болж өндөрлөлөө

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал өнөөдөр /2015.09.17/ хоёр дахь өдрөө үргэлжилж, үдээс хойш гурав дахь салбар хуралдаан боллоо.

 

Гурав дахь салбар хуралдаан Ардчилсан институциуд, хүний эрх,  хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил сэдвийн дор явагдлаа. Энэхүү хуралдааныг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дэд ерөнхийлөгч Алан Нэри даргалж Улсын Их Хурлын гишүүн, ЕАБХАБ-ын Парламенты Ассамблейтэй харилцах бүлгийн гишүүн Л.Болд “Монгол Улс дахь хүний эрхийн асуудлууд” сэдвээр илтгэл тавив. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд илтгэлдээ, энэ онд 25 жилийн олон олон давхцалтай ойгоо тэмдэглэж буй Монголын ардчилал дэлхийн улстөрийн түүхэнд үлдэх олон гарамгай үнэт зүйлсийг бий болгосон билээ. Энэ талаар 2015 оны 2-р сард Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт дээр би тодорхой өгүүлж байсан юм.

Монголын ардчилал бол улстөр, эдийн засгийн хувьд нэгэн зэрэг шилжилт хийсэн хамгийн зоригтой хувьсгалын нэг юм. Энэ хоёр шилжилтийн зөвхөн аль нэгийг нь л хийхэд маш их цаг хугацаа ордог, эсвэл гадаадын асар их тусламж дэмжлэг шаардагддагийг түүх харуулсаар байна. Харьцангуй богино хугацаанд төдийгүй гадаад орнууд болон олон улсын байгууллагуудын тусламжийг харьцангуй бага хэмжээгээр авч, ихэнхдээ дотоодын ойлголцол, зохион байгуулалт, хүсэл зоригийн ачаар энэ давхар шилжилтийг хийж чадсан нь түүхэн амжилт билээ.

Монголын ардчиллын амин сүнс нь үг хэлэх эрх чөлөө мөн. Үг хэлэх эрх чөлөө бол монголын ард түмнийг нэгтгэн нягтруулж, ойлголцуулж чадсан, ардчиллыг төрүүлж, бойжуулж, бэхжүүлж чадсан хамгийн чухал эрх чөлөө юм. Үг хэлэх эрх чөлөөний буянаар бид тайван хувьсгал хийсэн юм. Монголын ардчилал бүх ардчилсан орны иргэдэд хүртээмжтэй байдаг хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөтэй зорчих эрхийг өөрийн иргэддээ олгожээ. Мөн үндэсний зан заншил, уламжлалт мэдлэг, өв соёлыг маань сэргээн мандуулсан юм. Иймээс ч өдгөө монгол хүн хөгжингүй ардчилалтай улс орны иргэдийн адил эрх чөлөө, боломжийг эдэлж, үндэснийхээ онцлог дүр төрхөөр ялгарах бүхий л нөхцөл бүрджээ. 

 

Энэ мэт үндэсний болон олон улсын хэмжээнд бахдагдах сайн зүйлс цөөнгүй бий болсон ч эдийн засгийн шинэчлэл, улстөрийн институциудын төлөвшил, хууль эрхзүйн тогтолцооны зарим нэг согогтой байдал, таагүй төрхөөс үүдэн ардчилалд хор хохиролтой үр дагаврууд гарсаар байна. Хувь хүний эрх чөлөө хумигдаж, хүний эрх зөрчигдөх байдал ч гарсаар байна. Энэ бүхэн парламентын  зүгээс онцгой анхаарах асуудлын нэг болсныг бид хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол сөрөг хүчин зүйл нь ардчилсан засаглалын хөгжил, төлөвшлийн удаашрал болсныг бид тэмдэглэж байна гэлээ.НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурийн төлөөлөгч Биата Транкман Хүний эрхийн асуудлаар илтгэл тавив. 3-р дугаар салбар хуралдаанд оролцсон төлөөлөгчид илтгэлүүдтэй холбогдуулан хүүхдийн эрхийн асуудал болон ядуурлыг бууруулах талаар саналаа хэлж, хүний эрхийн талаар тулгамдаж байгаа олон асуудлыг хөндөн ярилцсан юм.